Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга асан Н.Одончимэг нарыг дахин шалгуулна
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.Одончимэгийг хахууль авч байх үйлдэл дээр нь 2024 оны аравдугаар сард АТГ-ынхан саатуулан шалгаж эхэлсэн билээ. Тэгвэл түүнд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо.
Тэрбээр 2020 оны арванхоёрдугаар сарын 16-нд нээсэн Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилга барих ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах СБДХААА/202001005 дугаартай тендерт оролцон шалгарсан аж ахуйн нэгжийн удирдлагаас 55 сая төгрөгийн хахууль авч байсан гэдэг. Уг тендерт С.Гантөмөр, Б.Боролзойхүү хэмээх эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захиралтай “Ванхүү” ХХК шалгарсан. Гэхдээ тус компани уг тендерт хамгийн бага үнэ санал болгож шалгараагүй, эрх мэдэлтнүүд тухайн аж ахуйн нэгжийнхэнд давуу байдал олгосон хэмээн буруутгасан.
Тодруулбал, дээрх тендерт “Цонбонтоосго” ХХК 15.6 тэрбумаар ажлыг гүйцэтгэнэ гэж санал болгосон ч хасагдсан бол “Ванхүү” ХХК 15.9 тэрбум гаруй төгрөгөөр эмнэлгийг барилга барих санал гаргаж тендерт шалгарсан байдаг. Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Одончимэг тус компанийнхнаас 55 сая төгрөгийн хахууль авч байсан үйлдлийг хууль сахиулах байгууллагынхан хангалттай баримтжуулаад тогтохгүй, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд нь гэр, ажлынх нь байранд нэгжлэг хийж, 400 гаруй сая төгрөг, их хэмжээний алтан болон үнэт эдлэлийг битүүмжилсэн юм. Н.Одончимэгийн хувьд 2013 оноос Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд мэргэжилтэн, 2017 оноос даргаар нь ажиллах болсон нэгэн.
Тэрбээр “Ванхүү” ХХК-ийнхнаас гадна албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж “Интерконсалтинг констракшн” гэх компанид давуу байдал олгон хахууль авсан байж болзошгүй хэмээн шалгуулсан. Улмаар Нийслэлийн прокурорын газраас “Ванхүү” компани, түүний эцсийн өмчлөгч Б.Боролзойхүү, “Интерконсалтинг” ХХК, хөрөнгө оруулагч М.Мөнх-Оргил нарыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн байна.
Харин Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга асан Н.Одончимэгт бусдаас их хэмжээний хахууль авсан хэмээн яллагдагчаар тооцжээ. Уг хэрэгт дээрх хүмүүсээс гадна Ч.Ариунтунгалаг, Ч.Ганчөдөр гэх хоёр хүнийг яллагдагчаар татаад байгаа бөгөөд тэднийг буруутгасан үндэслэл нь Эрүүгийн хуулийн 22.13-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэх заалт юм билээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад Н.Одончимэг нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хууль бусаар олсон хөрөнгөө худалдан борлуулж, мөнгийг нь АТГ-ын Төрийн сангийн дансанд тушаан битүүмжлүүлээд буй аж. Тэдэнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг яллагдагч нарын өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийн дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хийгээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх шаардлагатай хэмээн прокурорт буцаалаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.