Б.Амарсайхан, Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нарын хэргийг ирэх сарын 14-нд дэнсэлнэ
ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, “Таванбогд групп” ХХК-ийн эзэн Ц.Баатарсайханы хүү, “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан, УИХ-ын гишүүн асан, “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хөвгүүн Санжаачойпэл, хууль тогтоогч асан, “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, иргэн Л.Алтан-Очир нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ удирдан өчигдөр хийлээ.
Нэр дурдсан яллагдагчдын өмгөөлөгч нар шүүхэд хандан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү” хэмээн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасны дагуу хянан хэлэлцсэн байна. Улмаар өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авахаас татгалзав.
Өөрөөр хэлбэл, прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэн, гэм буруутай, эсэхийг дэнслэх хурлыг 2026 оны нэгдүгээр сарын 14-ний 10.00 цагт хийхээр товлолоо.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Б.Амарсайхан, Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг Эрүүгийн хуулийн 11.4-2-т заасан бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, 20.16-1 дэх хэсгийн “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэх заалтын дагуу яллагдагчаар татсан. Харин хохирогч Д.Саяннямбууг мөн хуулийн 11.61 дэх хэсгийн бусдын биед хөнгөн хохирол учруулсан хэмээн яллагдагчаар тооцож шүүхэд шилжүүлээд байгаа юм.
Б.Амарсайхан, Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нар өнгөрсөн долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг, хуучнаар “Хүүхдийн-100” хэмээн нэрийддэг гудамжинд иргэн Д.Саяннямбууг зодож гэмтээсэн хэрэгт холбогдсон билээ. Харин өөрийнх нь эрүүл мэндэд халдах үед Ц.Санжаачойпэлийг эсэргүүцэн хариу үйлдэл үзүүлж цохиж, хөнгөн хохирол учруулсан хэмээн Д.Саяннямбууд бас эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ.
Сэтгэгдэл (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.