Хаягдал усыг дахин ашиглах анхны томоохон шийдэл бодит ажил болжээ

Хаягдал усыг дахин ашиглах анхны томоохон шийдэл бодит ажил болжээ
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монгол Улсад анх удаа үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг дахин ашиглах бодит шийдэл хэрэгжиж эхэлжээ.
 
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны санаачилга, хүсэлтийн дагуу Дэлхийн банкны 2030 Усны нөөцийн бүлэг нь 2020–2024 онд БНСУ-ын Ногоон хөгжлийн итгэлцлийн сангийн санхүүжилтээр судалгаа хийж, М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг Амгалан дулааны станц ТӨХК-ийн технологийн хэрэгцээнд ашиглах нь техник, байгаль орчны хувьд бүрэн боломжтой болохыг баталгаажуулсан юм.
 
Энэхүү судалгааны дүнд тулгуурлан М-Си-Эс Кока-Кола ХХК өөрийн 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хоёр байгууламжийн хооронд 2.5 км урт шугам хоолой, шаардлагатай нэмэлт тоног төхөөрөмжийг суурилуулж, төслийг бүрэн хэрэгжүүлэн өнөөдөр Амгалан дулааны станц ТӨХК-д албан ёсоор хүлээлгэн өгөв.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр арга хэмжээний нээлтэнд хэлсэн үгэндээ Монгол Улсад хаягдал усыг дахин ашиглах ногоон шийдлийг бодит ажил болгож, байгаль, орчныг хамгаалах чиглэлд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд анхны жишиг төслийг хэрэгжүүлсэн Амгалан дулааны станц, М-Си-Эс Кока-Кола компанийн хамт олон, удирдлагууд болон төслийг хэрэгжих боломжоор хангасан Дэлхийн банкинд талархал илэрхийлсэн юм.
 
Мөн тэрээр энэхүү төслийн үр дүнд Амгалан дулааны станцын усны хэрэглээний 40 хувийг хангах, хоногт 500 м³, жилд 120,000 м³ гүний усыг хэмнэх боломж бүрдэж байна. Ингэснээр өдрөөс өдөрт багасч буй гүний усны нөөцийг хэмнэж, бохирдлыг бууруулсан, Төрийн өмчит Амгалан дулааны станцын усны хэрэглээний зардлыг багасгасан, М-Си-Эс Кока-Кола байгальд ээлтэй технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн зэргээр төслийн оролцогч бүрт ялангуяа байгаль дэлхийд ашиг тустай үйл явдал болж буйг онцолжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.