🔴Х.Баасанжаргал: 2020 оноос хойш зөвхөн хоёр гишүүн ашиг сонирхлын зөрчлөө илэрхийлсэн

AI хөрвүүлсэн

УИХ-ын гишүүн ашиг сонирхлын зөрчилтэй асуудал дээр санал өгдөггүй, ажлын хэсэгт ордоггүй байх хуулийн төслийг санаачлахаар болжээ.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:

-УИХ-ын тухай хууль болон УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл боловсруулж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн ашиг сонирхлын зөрчилтэй бол ямар процесс явагдах вэ гэдгийг тодорхой болгох зорилготой. Одоог хүртэл энэ процесс тодорхой бус байсаар ирсэн.

Юуны өмнө, гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй бол хэлэлцэж буй асуудлаар санал өгөх эрхгүй гэсэн заалт байдаг. Гэхдээ хэзээ, ямар асуудлыг зөрчилтэй гэж үзэх вэ, ажлын хэсэгт оролцох уу, ашиг сонирхлын зөрчлөө илэрхийлээгүй бол ямар хариуцлага хүлээх вэ гээд олон процесс тодорхойгүй. Бид энэ бүгдийг тодорхой болгох ёстой. Учир нь бид авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг их ярьдаг ч урьдчилан сэргийлэх механизмыг сайжруулах шаардлагатай.

2020 оноос хойш ийм зохицуулалт хэрэгжиж байгаа ч зөвхөн хоёр гишүүн л ашиг сонирхлын зөрчлөө илэрхийлжээ. Энэ мэдээлэл хаалттай байдаг. Тэгвэл бидний төсөлд энэ мэдээллийг нээлттэй болгож, хуралдааны товч тэмдэглэлд оруулахыг тусгасан.

Би өөрөө УИХ-ын гишүүнээр сонгогдоод удаагүй байхдаа ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ илэрхийлээд, тухайн асуудлаас гарч байсан. Гэхдээ тэр мэдээлэл хуралдааны тэмдэглэлд дэлгэрэнгүйгээр ороогүй, зөвхөн "Татгалзсан" гэж бүртгэгдсэн. Энэ бол татгалзсан асуудал биш. Ашиг сонирхлын зөрчлийг тухайлан тэмдэглэж, олон нийтийн хяналтад оруулах хэрэгтэй.

Монгол Улс авлигын эсрэг индекс дээр байр ухарч байгаа. Үүний шалтгаан нь, хууль зөвхөн хэсэг бүлэгт зориулагдаж, хяналт муу байгаатай холбоотой. Тиймээс процессыг дэлгэрэнгүй зохицуулах ёстой. Ийм учраас жагсаалтын хэсэг гишүүд бид энэ хуулийг санаачилж, та бүхэндээ танилцуулж байна. Саналаа өгч, идэвхтэй ярилцахыг хүсэж байна гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.