“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч БНХАУ-ын иргэнийг албадан гаргажээ
Гадаадын иргэн, харьяатын газраас явуулсан хяналт шалгалтын дүнд “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч БНХАУ-ын иргэн Янг Яао гэх иргэнийг гурван жилийн хугацаан дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ.
Уг төслийн удирдагч Янг Яао гэгч нь визний шаардлагаас чөлөөлөгдсөн нөхцөлийн дагуу албан зориулалтын паспортоор дахин хил нэвтэрч, Монгол Улсад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон тул дээрх шийдвэрийг гаргасан байна.
ГХИТ-ын газраас Гадаадын иргэний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулдаг. Үүний хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хэрэгжиж байгаа "Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны төслийн ажил гүйцэтгэж буй гадаадын иргэдэд хяналт шалгалт явуулахад Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 31, 155 дугаар тогтоолоор төслийн ажил гүйцэтгэх 372 ажилтныг ажлын байрны төлбөрөөс чөлөөлсөн боловч төслийн талбайд гадаадын иргэдийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлүүлсэн, хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан гадаадын иргэдийг нууж, зугтаалгасан, төслийн нэр дээр оршин суух зөвшөөрөлтэй иргэдийг ашиг олох зорилгоор тогтоолд заасан хаяг, байршлаас өөр газарт шилжүүлэн ажиллуулсан зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргасан байна. Энэ талаар төслийн удирдлагуудад удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч зөрчил дахин давтагдах, байгууллагын хууль ёсны шийдвэрт хууль бусаар нөлөөлөх оролдлого удаа дараа хийж байжээ.
БНХАУ-ын 328 сая юаны буцалтгүй тусламжаар барьсан “Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны төсөл 2022 онд барилга угсралтын ажлаа эхлүүлсэн. Төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хятадын хоёр дахь Металлурги групп корпораци” ХХК, ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэгчээр “Интеллект тауэр” ХХК, Захиалагчийн хяналт хэрэгжүүлэгчээр “Ногоон нуур 1008 айлын төсөл хэрэгжүүлэх нэгж” тус тус ажилласан байна. Тус төслийг хүлээн авах ёслол 2025 оны аравдугаар сарын 02-ны өдөр болжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.