"Why not" хочит малын эмч дэлхийн тайзан дээр гялалзлаа
Мэргэжлийн дартсын корпорацаас (PDC) зохион байгуулж буй дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолтууд үзэгчдийг огшоосоор байна.

12 сарын 18-ны өдөр нийт найман тоглолт явагдсан ба онцлох тоглолтуудын тойм мэдээллийг хүргэж байна.
- Энэ өдөр манай Ази тивийн төлөөлөл болох хоёр Япон тамирчин дэлхийн тайзнаа өрсөлдлөө. Эхнийх нь Мотому Сакай WDF холбооны 2022 оны дэлхийн аваргын дэд байрт шалгарч байсан Францын шилдэг дартсчин Тибаулт Триколыг 3:0 харьцаагаар хожиж дараагийн шатанд шалгарлаа. Харин нөгөө тамирчин Мицүхико Тацүнами дэлхийн гурван удаагийн аварга Ван Гервенд хожигдсон ч аваргыг "барьц алдууллаа". Тацунами 2:0-ээр тэргүүлэх боломжоо алдсан бөгөөд хэрэв тэр боломжийг ашигласан бол тэмцээний хамгийн том шуугиан болох байлаа.
- Энэ өдрийн гол дуулиан бол Кени улсаас анх удаа ДАШТ-д оролцсон Кенийн малын эмч мэргэжилтэй Давид Мунюа Дэлхийн аваргын шатанд ялалт байгуулсан анхны Кени тамирчин болж түүхэнд бичигдлээ. Тэрээр дэлхийн шилдэг тоглогчдын нэг Майк Де Деккерийг буулган авсан нь энэ жилийн хамгийн том сенсац боллоо. Тэрээр нутагтаа мэргэжлийн малын эмч бөгөөд дартсын спортоор хичээллээд ердөө гурван жил л болж байгаа ажээ. Тэрээр анх пабад найзтайгаа шар айраг ууж суухдаа дартс тоглож үзсэн бөгөөд анхны шидэлтээрээ "bullseye" буюу голыг нь оносноор энэ спортод дурласан гэдэг. Түүнийг дартсын ертөнцөд "Whynot" (Яагаад болохгүй гэж) гэдэг хочоор нь мэддэг болсон. Кени улсад дартсын спорт төдийлөн хөгжөөгүй тул тэрээр гэртээ өдөр бүр бэлтгэл хийдэг байна. Тэрээр Лондонд ирэхээсээ өмнө Африкаас гадагш гарч үзээгүй байжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.