🔴С.Эрдэнэбат: Оюутолгойн гэрээг өөрчлөх шаардлагатай гэдэг дээр гишүүд нэгдсэн байр суурьтай байна

AI хөрвүүлсэн

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Оюутолгойн сонсголын тогтоолын төслийг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:

-Оюутолгойн том төсөл дээр яг юуг Монголын өгөөж гэж үзэх вэ гэдгийг нарийн тодорхойлоогүй байна. Энэ нь сонсгол дээрээс харагдсан. Монголд төлж байгаа татвараас гадна Оюутолгойн төсөл дуусахад Говьд үлдэх хот, монголчуудын цалин хөлс, НДШ, тухайн орны хөгжилд оруулж байгаа төслүүдийн мөнгө гэх зэргийг бодолцож үзэх ёстой.

Дээрээс нь, зээлийн хүүгийн асуудал дээр ойлголт их өөр байна лээ. Оюутолгой "Рио Тинто"-гоос босгож байгаа хүү, далд уурхайн бүтээн байгуулалтад өгсөн зээлийн хүүг огт хамаагүй мэт ойлгож байна. Тухайлбал, би нэг хүнтэй хамтраад компани байгууллаа гэж бодоход тэр компанийн нэр дээр өндөр хүүтэй зээл аваад байвал хувь эзэмшигч надад огт хамаагүй гэж бодож болохгүй. Тийм учраас ойлголтын зөрүү ихтэй байгаад би гайхаж байна. Энэ тал дээр маш их эс үйлдэхүй харагдсан. Гадны гэхээс илүү дотоодын эрх мэдэл, албан тушаалтай хүмүүс эс үйлдэхүй гаргаж, мэдээгүй царайлсан байна. 5-10, эсвэл 20-30 жилийн ч өмнөөс энэ хүүгийн асуудлыг ярих боломж байсан.

Монголын талын үр өгөөжийг яг юу гэж ойлгохыг хүртэл тодорхойлоогүй байна. Тухайн үед гэрээ байгуулж байсан хүмүүс алдаагаа хүлээн зөвшөөрсөн. Харин "Огт алдаагүй. Супер гэрээ хийсэн" гэж мэлзээд байгаа хүмүүс болих хэрэггүй. Ард түмэн, жирийн иргэд эрүүл ухаанаар харж байна.

Гадаад ажилчид нь 100 сая төгрөгийн цалин авдаг бол монгол ажилчид 2-3 сая төгрөгийн цалин авдаг тохиолдол элбэг байна. Монгол залуучууд дэлхийн хэмжээний цалин авах ёстой. Хөрөнгө оруулалт Монголд маш чухал. Гэхдээ монголчуудтай шударга харьцсан хөрөнгө оруулалт л чухал.

Ийм ойлгомжгүй, үр ашиггүй төсөл дээр ихэнх гишүүн шүүмжлэлтэй хандана. Гэхдээ Монголын эрх ашгийн асуудал учраас олон нийтэд нээлттэй ярих ч юм байна, ярихгүй ч юм байна. Засгийн газар хэлэлцээр хийж байгаа. Үүнийг яаравчлах хэрэгтэй гэж би бодож байна гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.