🔴Г.Дамдинням: Өчигдөр шөнийн 4 цаг хүртэл ШТС-уудаар тойрч ажилласан. Би ч гэсэн бухимдаж байна

AI хөрвүүлсэн

Шатахууны хомстолын нөхцөл байдлын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас тодрууллаа.

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням:

-Манай улсын дөрвөн өдрийн хэрэглээтэй тэнцэх шатахууны ачилт өчигдөр буусан. Өнөөдөр нэмээд бууж байна. ОХУ-тай эрчимтэй яриа хэлэлцээр хийж байна. Өнгөрсөн шөнө 3-4 цаг хүртэл ШТС-уудаар тойрч, хяналт тавьсан. Төр засгийн зүгээс хийх ёстой бүх арга хэмжээг авч байгаа боловч ОХУ-аас орж ирж байгаа тоо хэмжээ хүрэлцэхгүй байна.

АИ-92 шатахуун 34 вагон орж ирэхэд манай өдрийн хэрэглээг хангадаг. Гэтэл энэ сард орж ирсэн ачилтууд энэ тоонд огт хүрээгүй. Одоо л нэг 50 хувиа давж байна. ОХУ-ын дотоод нөхцөл маш хүнд байна. Бидэнд боломжоороо тусалж, байгаагаараа өгч байна. Шатахууныг хувийн хэвшил 100 хувь хариуцдаг. Эдгээр ААН-үүдийн захиалгыг биелүүлэх хүсэлтийг төр засаг тавиад явж байна. Тэгэхээр төрийн оролцоо бага хэдий ч бурууг нь хүлээх ажлыг хийж байна.

Монгол Улс сард 84-90 мянган тонн АИ-92, 140 мянган тонн дизель түлш хэрэглэдэг. Үүний 60 мянган тонн АИ-92-г 705 ам.доллароор авч, ОХУ-аас хямдхан хэрэглэж байгаа. "Роснефть" компани хөнгөлөлттэй үнийн гэрээг ирэх жил хүртэл сунгасан.

Цаашдаа Евро-5 руу орохоос өөр гарцгүй. Олон улсын стандартаа дагана. Улаанбаатарын захиргаа шийдвэр гаргасан байгаа.

3-6 сарын нөөцтэй байсан бол 1-2 сарын хэлбэлзлийг ямар ч асуудалгүй давах байсан. Би ажлаа аваад таван сар болж байна. Нөөцийн савны хууль гаргуулаад явж байна. Өмнө нь хэзээ ч ийм бодлогын шийдэл гарч байсангүй. Би ч адил бухимдаж байна. Өмнө нь мега төсөл ярьж байхдаа яагаад энэ савнуудаа хийгээгүй юм бэ?

Гаднаас 100 хувь хамааралтай байдлыг бууруулах том бодлогыг төр засаг хэрэгжүүлэх ёстой. Засгийн газар алдаагаа засна. Миний оруулсан хуулиар сав суулгын асуудлыг ойрын жилүүдэд шийднэ гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.