🔴Р.Чингис: Цэргийн алба хаагчид нэгнээ зодсон асуудлыг зүгээр орхихгүй. Хуулийн хариуцлага хүлээлгэнэ!

AI хөрвүүлсэн

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдаж байгаа талаарх дүрс бичлэг цахим орчинд өчигдөр нийтлэгдсэн. Энэ асуудлыг цагдаа, дотоодын цэргийн удирдлага анхааралдаа авч, шалгалт явуулсны үндсэнд мэдээлэл өглөө.

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Манлайбаатар:

-Өчигдөр орой сошиалд цацагдсан мэдээлэл биднийг цочирдуулсан.

Эдгээр алба хаагчид манай хүүхдүүдтэй л адил. Тиймээс хувь хүний хувьд ч гэсэн их цочирдсон. ЦЕГ, Дотоодын цэргийн штабаас шаардлагатай арга хэмжээг авсан. Мөн Хүний эрхийн комисс болон бусад байгууллагатай хамтран ажиллаж байна. Дотоодын цэргийн штабын Дотоод хяналт, аюулгүй байдлын нэгж албан хаагчид байнгын бүрэлдэхүүний үйл ажиллагааг шалгаж байна. Хугацаат цэргийн албан хаагчдын дүрмийн бус харилцааны асуудлаар СХД-ийн цагдаагийн газрын мөрдөн шалгах албан тушаалтнууд мөн ажиллаж байна.

Бичлэгт гарсан алба хаагчдыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын харьяа эмнэлэгт үзүүлсэн. Мөн цэргүүдийн дунд эрүүл мэндийн эрсдэл үүссэн эсэхийг тогтоохоор Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт үзлэг, шинжилгээнд хамруулж байна. Үлдсэн хугацаат цэргийн алба хаагчдыг ар гэрийнхэнтэй нь утсаар холбож, яриулах арга хэмжээ авч байна.

Хугацаат цэргийн албан хаагчдын аюулгүй байдлыг Хүний мэдээллийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хяналт тавьж хамгаалдаг. Ангид 68 хяналтын камер байгаагаас 62 нь дотогшоо чиглэсэн бөгөөд 24 цагийн турш ажилладаг. Харин ариун цэврийн өрөө, ахуйн хэрэглээ, усанд орох өрөө зэрэг хуулиар хязгаарлагдсан хувийн орон зайд камер байршуулж болохгүй. Энэ хэрэг ахуйн хэрэглээний өрөө буюу хувцас солих өрөөнд болсон.

Шалгах ажиллагааг СХД-ийн эрх бүхий албан тушаалтнууд явуулж байгаа тул дэлгэрэнгүй байр суурь илэрхийлэх боломжгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан иргэдийн мэдээлэлд талархаж байна. Энэ асуудлыг таслан зогсоох ёстой. Зөрчлийг холбогдох хууль, журмаар шийтгэнэ.

Энэ асуудал 2025 оны нэгдүгээр ээлжээр татагдсан цэргүүдийн дунд болсон. Хувийн харилцааны маргаанаас үүдэлтэй гэж үзэж байна. Хугацаат цэргийн албан хаагчдаас нэргүй санал асуулга авдаг. Байнгын бүрэлдэхүүн, хугацаат албан хаагч нарт сургалт, соён гэгээрүүлэлт явуулдаг гэв. 

Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис:

-Батлан хамгаалах систем, зэвсэгт хүчин, дотоодын болон хилийн цэрэг зэрэг ямар ч байгууллага дүрмийн бус харьцааг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ асуудал камергүй газарт, амралтын үеэр болжээ. "Нэг оны цэргүүдийн хоорондын харьцаанаас үүдэлтэй" гэсэн урьдчилсан мэдээлэл байна. Цэргийн байгууллага хүнийг зовоодог гэсэн ойлголт буруу. Бид сэтгүүлчид, иргэдтэй хамтарч ажиллахыг хүсэж байна.

Энэ хүүхдүүд Монгол Улсыг авч явах ирээдүй. Дүрмийн бус харьцааг таслан зогсоохын тулд камер, журмаар хяналт тавьдаг. Гэхдээ олон хүүхдийн дунд хяналтаас гарсан "хар бүс" байдаг. Тэр бичлэгийг хийсэн хүнд үнэхээр талархаж байна. Учир нь бидэнд ийм мэдээлэл хэрэгтэй.

Хууль сахиулах байгууллага хэргийг шалгаж байгаа. Бид мөн дотоод шалгалт явуулна. Буруутай хүмүүст хатуу хариуцлага тооцно гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.