🔴Ж.Батзандан: "Ачит ихт", "Эрдмин" ХК-ийн 50 хүртэлх хувийг төр авах хэлэлцээр үргэлжилж байна
Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудлаар Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан мэдээлэл өглөө.
Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан:
-"Стратегийн ордын өгөөжийн дийлэнх нь Монголын ард түмэнд ногдох хэлбэрээр Баялгийн сангаар дамжиж хуваарилагдана" гэх заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд би Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдоод найман сар боллоо. Дөрвөн шинжээчийн хамт тавуулаа ажиллаж байна.
Энэ хугацаанд Нарийнсухайт, Тавантолгойт, үүсмэл орд гэх мэт боловсруулсан материалуудаа гурван удаа Засгийн газраар оруулсан. Нийт 26 ААН байгаагаас 10 гаруй ААН-тэй холбоотой саналын хувилбарыг боловсруулж, Засгийн газарт өгөөд байна. Мөн Засгийн газрын дэргэд "Эрдэнэс Монгол" компани, Сангийн яамны оролцоотой санхүүгийн ажлын хэсэг давхар ажиллаж байна. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанд ажлаа дахин танилцуулахаар ирлээ.
Стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээ болон түүнийг тусгай төлбөрөөр орлуулж, Баялгийн санд хуримтлуулах, ард иргэдэд хүртээх бодлогыг Засгийн газрын тогтоол, УИХ-ын шийдвэрээр хэрэгжүүлэх учиртай. Өнгөрсөн найман сарын хугацаанд Засгийн газрыг огцруулах асуудал гурван удаа яригдлаа. Манай ордны хэдийн суудал нь ганхаастай байгаа учраас бидний оруулсан санал УИХ, Засгийн газарт орж чадахгүй, гацчихаад байна. Тэгэхдээ энэ гацааг арилгах үүднээс өнөөдөр Засгийн газрын хурал дээр Ерөнхий сайд биднийг дуудсан. Шинэ оноос өмнө ажлын гацаа арилж, улс төр тогтворжиж, Баялгийн сангийн хууль болон түүний хэрэгжилт урагшлах байх гэж найдаж байна.
Үүсмэл орд ашиглаж байгаа "Ачит ихт", "Эрдмин", "Зэс эрдэнийн хувь" зэрэг компаниуд төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 5.4-ийн хүрээнд энэ асуудлыг шийдэж, төр өөрийн эзэмших хувь хэмжээгээ 50 хүртэлх хувиар тогтоож болно. Засгийн газар, УИХ хэлэлцээд, энэ хувийг АМНАТ буюу тусгай төлбөрөөр орлуулж бас болно. Үүн дээр санхүүгийн шинжээчид, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч хувилбараа боловсруулаад, 50 хувиар тооцоолж, Засгийн газарт хүргүүлээд байна.
Хэлэлцээрийн үр дүнг Засгийн газар баталгаажуулаагүй байхад бид урьдчилан мэдээлэл зарлах боломжгүй. Нууцын зэрэглэлтэй байгаа гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.