🔴Б.Хулан: Үлгэр жишээ татвар төлсөн ААН-үүдээ урамшуулдаг, өршөөдөг байхыг хуулийн төсөлд тусгасан
Татварын багц хуулийн талаар Сангийн дэд сайд Б.Хулан мэдээлэл өгөв.
Сангийн дэд сайд Б.Хулан:
-Татварын шинэчлэлийн хүрээнд боловсруулсан багц хуулийн төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар танилцуулж, цааш хэлэлцэхийг дэмжихээр тохирлоо. Татвар бол бодлогын чухал хэрэгсэл. Бид энэ татварын бодлогыг иргэдэд туслах, ААН-үүдийг өсгөх, ажлын байр нэмэгдүүлэх, ашиг орлого сайжруулах зорилгоор боловсруулсан. Төсөв бүрдүүлэхээс гадна зөв, шударга зарчимд тулгуурласан.
Хэлэлцүүлгийн явцад 13 мянга орчим иргэн, ААН, байгууллагатай ярилцсан. Гол саналууд нь татварын хэмжээ, шударга байдал, татварын байгууллагын үйлчилгээний захиргаадалтай холбоотой байсан. Мөн татварын орлогыг зөв зарцуулж байгаа эсэхэд анхаарлаа төвлөрүүлсэн. Энэ багц хуулийг Засгийн газар боломжит хэмжээндээ боловсруулаад, Их Хуралд оруулж байна. Цааш хэлэлцүүлгийн явцад сайжруулж, нэмэлт саналуудыг тусгана.
2022-2025 оны хооронд иргэдийн бодит орлого хэрхэн нэмэгдсэнд дүн шинжилгээ хийсэн. Дундаж орлого өссөн ч инфляцын нөлөөгөөр бага, дунд орлоготой иргэдийн бодит орлого буурсан. Тиймээс орлогын татварын бодлогыг энэ чиглэлд чиглүүлэх ёстой. Хөдөлмөр эрхэлж буй бүх иргэний эхний 500 мянган төгрөгийн орлогыг орлогын албан татвараас буцаан олгох механизм нэвтрүүлнэ. Мөн татварын шударга, зайлшгүй зарчмыг баримталсан хариуцлагатай татвар төлөгчдөд өр төлүүлэх үйл ажиллагааг илүү уян хатан болгоно.
Бид татварын өрийн шалтгааныг нарийвчлан шинжилж, ирэх долоо хоногт нийслэл, дүүргийн татварын байгууллагуудад ажиллана. Одоогийн зохицуулалтаар, татварын өр үүсэн тохиолдолд зарлагын дансыг битүүмжилж, орлогыг 100 хувь татварт шилжүүлдэг. Харин багц хуулиар үүнийг өөрчилж, цалин, нийгмийн даатгал болон бусад зардлыг төлсний дараа 20 хувийг татварт, 80 хувийг нь хуваарь тохиролтоор төлүүлэх боломжтой болгоно гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.