🔴М.Бадамсүрэн: Төлсөн татвар, малын ашиг шимийг нэмэгдүүлсэн зэргийг харгалзан Улсын аварга малчныг тодруулна

AI хөрвүүлсэн

Улсын аварга малчныг шалгаруулах журамд өөрчлөлт оруулах талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн мэдээлэл өгөв.

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн:

-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар манай салбарын хувьд гурван асуудлыг танилцуулж, хэлэлцүүллээ.

Нэгдүгээрт, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд баруун бүсийн аймгуудын таван боомтоор гурил, тэжээлийг татваргүйгээр импортоор оруулах шийдвэр гаргалаа.

Хоёрдугаарт, Улсын аварга малчныг шалгаруулахад малын ашиг шим, төлсөн татвар, малынхаа үүлдэр угсааг сайжруулсан байдал, орлогын хэмжээ гэх мэт эдийн засгийн агуулгыг гол үзүүлэлт болгож, журамд өөрчлөлт орууллаа. Монгол Улс 196 мянган малчин өрхтэй. Үүний 2000 мянган өрх тутмаас нэг Улсын аварга малчин шалгаруулах тодорхой харьцаа, тоог тогтоож, цаашид илүү чанартай, үнэлэмжтэй шалгаруулах зохицуулалт хийв. Мөн аварга малчныг монгол гэрээр шагнахын оронд өөрсдийнх нь хүслийн дагуу хөдөлмөр хөнгөвчлөх дэвшилтэт техник технологи, малын тавлаг байдлыг хангах битүү өвлийн хашаа барихад дэмжлэг үзүүлэх бодлогоор дэмжинэ.

Гуравдугаарт, төв суурин газар, ялангуяа нийслэлд хавар махны үнэ өсөхөөс сэргийлж нөөцөлж байгаа асуудлаар нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцууллаа. Хүнсний тухай хуулийн дагуу тухайн нутаг дэвсгэрийн стратегийн хүнс, тэр дундаа махны нөөцийг бүрдүүлж, ард иргэдийг тасралтгүй хангах үүргийг аймаг, нийслэлийн Засаг дарга хариуцна. ХХААХҮЯ-ны хувьд махыг экспортод гаргаж, малчдын орлогыг нэмэгдүүлэх, алслагдмал малчдын амьжиргааг дэмжихэд чиглэсэн арга хэмжээ авч байна. Жишээ нь, энэ оны байдлаар 100 гаруй мянган тонн мах экспортолж, анх удаа 300 сая ам.доллар буюу нэг их наяд төгрөгийн орлого олсон.

Цаашид экспортыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэхийн зэрэгцээ нөөцийн махаа бүрдүүлэх үүргийг орон нутгийн удирдлагууд хуулийн дагуу биелүүлэх ёстой. Мөн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг чанд мөрдөж, нөөцийн мах худалдан авах хэрэгцээ жил ирэх тусам буурч байгааг анхаарах хэрэгтэй. Иргэд илүү шинэ мах хэрэглэхийг зорьж байгаа учраас бид цаашид шинэ, хямд үнэтэй махаар хангахад орон нутгийн Засаг даргатай хамтран ажиллана гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.