🔴Б.Бат-Эрдэнэ: Алдагдалтай ажилласан ТӨҮГ-ын захирал, ТУЗ-ийн гишүүд өөрсдөдөө 970 сая төгрөгийн урамшуулал олгосон зөрчил илэрсэн
Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр арилжаалах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах асуудлыг хэлэлцэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-2019-2021 онд алдагдалтай ажилласан ТӨҮГ-ын захирал, ТУЗ-ийн гишүүд өөрсдөдөө үр дүнгийн урамшуулал хэлбэрээр 971.9 сая төгрөгийг авсан гэх баримтыг Үндэсний аудитын газраас гаргасан байна. Энэ хүмүүстэй холбоотой, мөн тодорхой ТУЗ-ийн шийдвэр болон дүрэм журмын асуудлуудыг эргэж мэдээлнэ.
Үндэсний аудитын газраас 2024 онд ТӨК-уудад хийсэн аудитаар 1 их наяд 29 тэрбум 500 сая төгрөгийн 1555 зөрчил илэрсэн. Үүнээс 1.3 тэрбум төгрөгийн 221 зөрчилд төлбөрийн акт тогтоосон. 750.1 тэрбум төгрөгийн 600 зөрчлийг арилгах, таслан зогсоох шаардлага өгсөн. 43.7 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан 20 албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлагыг хүргүүлсэн. Үндэсний аудитын газраас тодорхой шаардлагуудыг хүргүүлдэг ч энэ нь хэрэгждэггүй.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоогүй, нийгмийн шинж чанартай төсөл, арга хэмжээг санхүүжүүлж, ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцүүлэх бодлогын хэрэгжилт хангалтгүй тул үр өгөөж нэмэгдэхгүй, нээлттэй, ил тод засаглал бүрдэхгүй байгаа нь эрсдэлийн шинжилгээгээр гарсан.
Мөн засаглалд улс төрийн болон эрх бүхий албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд улиран томилогдож байсныг Үндэсний аудитын газар албан ёсоор тогтоосон. Орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой 400 хуулийн этгээдээс 394 байгууллагад аудит хийхэд 415.4 тэрбум төгрөгийн 397 алдаа дутагдал илэрсэн. Үүнээс үндсэн чиг үүрэгтэй холбоогүй төсөлд зарцуулсан 95 тэрбум төгрөгийн зөрчил мөн илэрчээ. Тиймээс ТӨК-ийн удирдлагууд хэрхэн томилогдож байсныг зайлшгүй хөндөх шаардлагатай.
Цаашид хувьчлал зөв явах ёстой. Гэтэл эрх хэрэгжүүлэгч, төлөөлөн хэрэгжүүлэгчийн эрх зүйн орчныг хуульд нарийвчлан заагаагүй байна. Тэгвэл алдагдалтай ажиллаж байгаа компаниудыг яах вэ? Нэгэнт үйл ажиллагааны давхцал үүсгэж байгаа ТӨК-уудыг татан буулгах шаардлагатай. Хувьчлалын үр дүнд олон нийтийн хяналтад оруулж, зардлыг танаж, засаглалын зөв систем рүү орно. Эс бөгөөс эрх барьж байгаа намын гар хөл тавигдсан хэвээр байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.