🔴М.Энхцэцэг: Аймгийн цахилгаан станцуудыг хувьчлахдаа маш болгоомжтой хандах хэрэгтэй
Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр арилжаалах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах асуудлаар УИХ-ын гишүүн М.Энхцэцэг байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг:
-Төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцэж байна. ДЦС-3, ДЦС-4 дээр нэмэлт хувьцаа гаргаж, хөрөнгө оруулалт татах санал гарч ирсэн. Хувьцааг олон нийтэд нээлттэй зарж, хөрөнгө оруулалт амжилттай татвал сайн гэж үзэж байна. Энэ бол бүрэн хувьчлал биш, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт татах зорилгоор шинээр хувьцаа бий болгох явдал.
Гэхдээ аймгуудын дулааны станц, шугам сүлжээг хувьчлах асуудалд маш болгоомжтой хандах ёстой. Архангай, Булган аймагт хувьчлаад олон жил болоход нэг хувийн компанийн мэдэлд бүрэн орчихсон байгаа. Архангайд саяхан томилолтоор очиж үзэхэд шинэ барилгуудыг дулаанаар хангадаггүй, ААН-үүдийг холбож өгөхөд бөөн асуудал үүсдэг юм байна. Аймгийн удирдлага ард түмнийг дулаан өвөлжүүлэх үүрэгтэй атлаа хувийн компанийн өмнө царай алдаад гуйж явдаг. Ийм асуудал дахиж гарахгүй байхын тулд аймгуудын дулааны станцыг хувьчлахад хууль эрх зүйн орчинд чанга зохицуулалт оруулах хэрэгтэй.
Дулаан хангамж бол аймгийн амин чухал асуудал. Хувийн хэвшил дулаанаар хангаж болно, гэхдээ үүрэг хариуцлагатай байх ёстой. Өмнөх асуудлуудыг судалж, дүгнэлт гаргаад, алдааг арилгах зохицуулалттай, хуультай болсны дараа хувьчлалын асуудал яригдах ёстой. Дулаан, цахилгаан бол байгалийн монопол. Олон эх үүсвэр барих боломжгүй. Одоо байгаа ганц хоёр өмчөө хувьчлаад, хэн нэгний гарт өгвөл аюултай гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.