🔴А.Баяр: Нийслэлд үйлдэгдэж байгаа гэмт хэргийг 15 хувиар бууруулна
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар НИТХ-ын дарга А.Баяр мэдээлэл өглөө.
НИТХ-ын дарга А.Баяр:
-Олон улсад давтан гэмт хэрэг, бэлгийн хүчирхийлэл үйлддэг хүмүүсийг байнгын хяналтад байлгаж, иргэдэд тогтмол мэдээлэл өгч, урьдчилан сэргийлдэг. Монгол Улсад төсвийн мөнгөөр камер тавилгүй, ААН, байгууллагуудтай хамтраад, тэдний камерүүдийг нэгдсэн байдлаар холбох системийг зохион бүтээж байгаа. Урьдчилсан туршилтууд бүгд үр дүнтэй болсон. Эхний ээлжид Хархорин зах болон бусад ААН-ийн камерүүдийг холбоод, үйл ажиллагааг тогтмолжуулах ажилд орж байна.
Цаашид гэмт этгээдүүдийг богино хугацаанд олж илрүүлэхийн тулд хиймэл оюун ухаанд суурилсан шалган мөрдөх ажиллагааг нэгтгэж, мөрдөгчдөд бэлэн мэдээлэл өгөх боломжийг эрэлхийлж байна. Өнөөдрийн хүчин төгөлдөр хуулиар давтан гэмт хэрэг үйлдэгчдийг хяналт шалгалтад оруулах орон зай нээгдсэн. Тэгэхээр шаардлагатай үед хиймэл оюун ухаанаар байнгын хяналт тавих процесс ажиллуулна.
Улаанбаатар хотын хамгийн том тулгамдсан асуудлуудын дунд агаарын бохирдол болон замын түгжрэл байна. Агаарын бохирдлын эсрэг хагас коксжуулсан нүүрс, LPG, LNG газ руу шилжүүлэх замаар тэмцэж байна. Үүний үр дүнгээр агаарын чанар сайжирч байгаа. Одоо дараагийн ээлжээр дулааны станц, уурын зуухууд руу анхаарч ажиллах шаардлагатай.
Замын түгжрэлийг дунд болон урт хугацаанд шийдэхэд хамгийн чухал зүйл бол нийтийн тээвэр. Метро, трамвай, кабель кар, хурдны зам гэх мэт. Гадаадад хурдны замын зохицуулалтыг зөв хийснээр түгжрэлийг багасгаж, эрс шинэчлэлт хийж чадсан. Дээрээс нь, метро ашиглалтад орвол Энхтайваны өргөн чөлөө буюу Таван шар-Офицеруудын ордон чиглэлийн замын түгжрэл тэр чигтээ багасна. Авто замын нэгдүгээр эгнээг автобусны эгнээ болгосноор зорчигч иргэдийн тоо хоёр дахин нэмэгдэж, автобусны хурд 65.8 хувиар өссөн. Тэгвэл цаашид нэгдүгээр эгнээгээр зорчиход зарим уулзвар дээр зогсохгүйгээр, нэвт доогуураа явбал замын түгжрэл дунд, урт хугацаанд буурна гэх итгэл үнэмшил бий.
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн төсвийн хувьд 68 тэрбум төгрөг батлагдсан. Үүнээс 50 хувийг нь техник, тоног төхөөрөмж, камержуулалтад бүтэн тавьж, харин үлдсэн 50 хувийг тодорхой төрлийн гэмт хэргийг 15 хүртэлх хувиар бууруулахад зарцуулна. Энэ төлөвлөгөөг батлах хурлыг ирэх нэгдүгээр сард багтааж хийнэ. Тодруулбал, цахим болон уламжлалт залилан, зодоон цохион, эрүүл мэндэд халдах гэмт хэрэг, мөн хар тамхины хэрэглээг 15 хувиар бууруулахыг зорьж байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.