🔴Төрийн бүтээмжийг дээшлүүлэх зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдлаа
Төрийн бүтээмжийг дээшлүүлэх зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулжээ.
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү:
-Монгол Улсад шийдэх ёстой маш олон асуудал байна. Орчин, хүн, цаг хугацаа өөрчлөгдсөний дараа ч шийдэгдэхгүй байвал үндсэн шалтгаанаа олохгүй байна гэсэн үг. Бид олон жилийн турш асуудлын илрэлтэй л тэмцдэг, Монголын төр шийдвэр гаргадаг төр болсон. Гэхдээ эдгээр шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулах, иргэд, ААН, хувийн хэвшилд үр дүн өгч байгаа эсэхийг том зургаар эргэж харах хэрэгтэй. Ямар нэгэн хууль санаачилж, хэсэгчилж өөрчилдөг биш, харин шинжлэх ухааны үндэстэй, төрийн засаглалын чиг үүрэг, зардал, үр ашиг, хяналт хариуцлагын шинжилгээг хийх УИХ-ын хууль тогтоомжийн ажлын хэсгийг байгууллаа.
Эрх мэдлийг төвлөрүүлэх биш, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, орон нутагт шилжүүлэх тухай 30 жил ярьсан ч хэрэгжээгүй. Одоо хууль эрх зүйн уялдааг сайжруулж, тогтоолын төслийг нэгтгэх шаардлагатай. Жишээ нь, Хэнтий аймгийн Биндэр сумын иргэн н.Доржийн газрын кадастрыг Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэж, олгож байна. Энэ бол орон нутагт эрх мэдэл өгсөн явдал биш. Тиймээс УИХ-ын гишүүд хамтарч, төр засгийн бүтцийг оновчтой болгох зайлшгүй шаардлага байна.
Ийм хууль тогтоомж гаргаснаар дарга нарын тоо цөөрнө. Системийн хэмжээнд УИХ-ын шийдвэр гарахгүй бол аймаг бүр өөрийнхөө онцлогт нийцүүлж ОНӨҮГ байгуулдаг. Энэ нь хувийн хэвшилтэй өрсөлдөж, үйл ажиллагааг нь булаан авч, улмаар төр бүх зүйлд оролцоод дуусдаг. Засгийн газар, УИХ өөр өөр зүйл өргөн барихын оронд томоохон ажлын хэсэг байгуулж, олон улсын судалгааг дүгнээд, гишүүд намрын чуулганд УИХ-ын тогтоолын төслийг өргөн барина. Үүний араас шаардлагатай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж, үр дүн гаргана гэв.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:
-МАН болон АН-ын бүлэг хамтарч, зургаан гишүүний ажлын хэсэг гаргасан. Төрийн бүтээмжийг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, үр дүнтэй хүргэх ажлыг цогцоор нь харж, зохион байгуулж, шаардлагатай тохиолдолд эрх зүйн баримт бичиг санаачлах нь зүйтэй гэж үзсэн. Бид төрийн чиг үүргийг илүү боловсронгуй болгохын тулд аль нэг албан тушаал, хүний асуудлаас илүү, систем, тогтолцоо, хууль эрх зүйн орчноос эхлэх ёстой гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.