Бизнес эрхлэхэд тулгардаг цаасан гох дэгээг арилгана

Бизнес эрхлэхэд тулгардаг цаасан гох дэгээг арилгана

АНУ-д жижиг дунд бизнес эрхлэх аливаа зөвшөөрлийг цахимаар мэдүүлж авдаг. Бүртгэл болон лиценз, татварын дугаар, банкны дансаа компьютерийнхаа ард сууж байгаад ямар нэг хүндрэл чирэгдэлгүйгээр авах бүрэн боломжтой. 

Европын бараг бүх оронд бүртгэл, татвар, лиценз, банкны шаардлага ижил боловч шаардагдах бичиг баримтыг цахимаар бүрдүүлж, бизнес эрхлэх зөвшөөрлөө ажлын гурав хоногт, 100 еврогоос бага зардлаар, манайхны хэлдгээр “нэг цонх”-ны зарчмаар авдаг байна.

Ерөнхийдөө АНУ болон Европын орнуудад бизнес эрхлэх зөвшөөрөл авах амархан гэж ойлгож болно. Харин төр хариуд нь татвараа цаг хугацаанд нь төлөх шаардлага л тавина.

Харин манай улсын тухайд бизнес эрхлэх зөвшөөрөл авах амаргүй. Бүрэн цахимжаагүй тул иргэн хүн заавал биеэр явж авна. Төрийн албаны хүнд сурталтнууд олон тооны бичиг баримт шаардан олон хоногоор нааш цааш явуулах нь энүүхэнд. Засгийн газрын 1111 төвд иргэдээс ирдэг гомдлуудын дийлэнхийг энэ төрлийн гомдол эзэлдэг байна.  

Цайны газар нээхийг хүссэн иргэн наанадаж онцгой байдлын байгууллагаар галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулж, мэргэжлийн хяналтын мэдээллийн санд бүртгүүлж, хог тээврийн гэрээ байгуулна.

Автомашин засвар болон дугуй засварын үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн иргэнд бол бүр ч олон төрлийн бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай тулгардаг. Тэр бүр нь стандарттай, олон талын тулган шаардалттай.

Үсчний газар нээхийг хүссэн иргэн шаардлага хангасан, галд шатдаггүй, эрүүл ахуйд нийцсэн барилгын материалаар баригдсан барилга байгууламжид, байгалийн гэрлийн сайн тусгалтай өрөөнд, гурав хүртэлх суудалтай бол дунд нь нэг уугаалтуур байрлуулна гэх мэт шаардлагуудыг давж байж үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болно...

Иргэдэд тулгардаг энэ хүндрэлийг шийдвэрлэхийн тулд УИХ-ын даргаар саяхан томилогдсон Н.Учрал “Чөлөөлье” гэдэг санаачилга гаргаад байна.

Түүний ярьж буйгаар зөвшөөрлийн тоо багасаагүй, зөвшөөрөл гэдэг бичиг бүртгэл, мэдэгдэл, гэрчилгээ, сертификат, магадлан итгэмжлэл гэх мэтчилэн зүсээ түмэн янзаар хувиргаснаар бизнес эрхлэх хүсэлтэй иргэн 1000 гаруй бичиг баримт бүрдүүлж байж зөвшөөрөл авдаг болчихжээ.

Бүртгэл 264, дүгнэлт 232, гэрчилгээ 132, магадлан итгэмжлэл 30, сертификат 9-ийг нэмж зохиосноор 1000 гаруй байсан зөвшөөрөл өөр нэр, зүстэйгээр ахин амилжээ” хэмээн УИХ-ын дарга мэдэгдлээ.

Төрийн хүнд суртлыг бууруулж, төрийн оролцоог багасгаж, зах зээлийн систем рүү нь шилжүүлэх, товчдоо иргэддээ бид том тус хүргэж чаддаггүй юм аа гэхэд, гай тотгор бага учруулах үүднээс “Чөлөөлье” санаачилгыг гаргажээ. Үүний тулд Зөвшөөрлийн хуульд өөрчлөлт оруулах юм байна.

Хууль өөрчлөлт орсноор хүнсний зах, дэлгүүр, ресторан, цайны газар, кофе шоп, үсчин, гоо сайхан, хими цэвэрлэгээ, бялдаржуулах төв зэрэг бизнес эрхлэх иргэн төрөөс зөвшөөрөл хүлээлгүйгээр, харьяа дүүрэгтээ мэдэгдэх төдийд ажиллах зохицуулалтыг Зөвшөөрлийн тухай хуульд тусгаад байгаа юм байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.