“Монгол пянзны галерей”-д түүхийн ховор бүтээлийг дэлгэжээ
Нийслэлийн соёлын төв, “Эрдэнийн очир” соёл судлалын нийгэмлэг хамтран лаборитори музей “Монгол пянзны галерей”-г нээжээ. Биет өв хадгалагдан үлдсэн Монголын их соёлыг хамгаалан хадгалж, хойч ирээдүйд соён гэгээрүүлэх их ажлыг үргэлжлүүлэх зорилгоор энэхүү музейг олны хүртээл болгохоор болжээ.
“Монгол пянзны галерей”-д хуучны ховор пянзнаас гадна монгол дуу, хөгжмийн зэмсэг, техник аппаратур, зурагт хуудсуудыг дэлгэсэн байна. Мөн 1926-1990 оны хооронд хэвлэгдэж байсан захидал, сэтгүүл, БНМАУ-ын шуудангийн зурагт дугтуйн каталогууд, Монгол дууны аялгуу нотын ном зэрэг бүтээлүүдийг багтаасан байна.
Судлаач С.Түвдэндорж “Судлаач миний бие 1980 оноос хойш Монгол болон дэлхийн пянз, шошго, дуу хөгжмийн эх баримтыг цуглуулж, Монголын дуу хөгжмийн соёлын өв болох пянзны бүрэн цуглуулгыг хийж байна. 1927 онд баригдсан бөмбөгөр ногоон буюу ардын цэнгэлдэх хүрээлэн тухайн үеийн хамгийн том урлаг уран сайхны төв театрын 100 жилин ойд зориулж, Бөмбөгөр ногооны өв соёлыг нарийвчлан судалж нийтийн хүртээл болгоход энэ галерей музей чухал суурь судалгааны үндэс болно.
Өнөөдөр нээлтээ хийж буй энэ музейд БНМАУ-ын үеийн урлагийн олон ховор бүтээлүүдийг нэгтгэж чадлаа. Түүхийн явцад устаж үгүй болсон Монгол уртын дуу, ардын дууны шинэ цагийн дууны түүврийг кириль үсэгт буулган, шинжлэх ухааны нэгэн сэдэвт бүтээл болгон хэвлүүлж, олны хүртээл болгосон.
Өмнө нь 2018 онд дуу хөгжмийн түүхийн анхны галерейг нээж, нийтийн хүртээл болгож байсан бол өнөөдөр хоёр дахь галерейг Соёлын төв өргөөнд нээлээ. Энэ пянзны галерейд ирснээр олон олон ховор урлагийн бүтээлийг харах болно. Мөн зураачтай хослон бүтээсэн уран зураг үзэж, Монголын урлаг, уран сайхны нандин чухал түүхийг мэдэж болно. Энэ нь цаашид урлаг судлаачид том архив болж байгаа юм” гэж судлаачийн зүгээс нээлтийн үгэнд тодотгон хэлжээ.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам “Музейд олон бүтээл дэлгэгдсэн байна. Анхны пянзны цуглуулгаас эхлээд их ховор, содон хөгжмийн хэрэгсэл, дуу хураагуур, зураг, сэтгүүл гээд 1000 гаруй хэрэгсэл байна. Ирэх 2026 оноос эхлэн “Соёл урлаг” сэтгүүлийг сэргээн гаргах ажлыг яамны зүгээс дэмжин ажиллах болно. 1927 онд баригдсан бөмбөгөр ногоон буюу ардын цэнгэлдэх хүрээлэнгийн 100 жилийн ой 2027 онд тохиож байгаа. “Монгол пянзны галерей” нээгдэж байгаатай уялдуулан олон ойн ажлын эхлэл тавигдаж байна” гэсэн юм.
Нийслэлийн соёлын төв өргөө, “Эрдэнийн очир” соёл судлалын нийгэмлэг хамтран лаборитори музей “Монгол пянзны галерей”-н нээлтийн арга хэмжээнд Хөдөлмөрийн баатар Н.Сувд, хөгжим судлаач, соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг болон залуу дуучин Ч.Мишээл нарын уран бүтээлчид уригдан оролцож, анхны үзэгчид болжээ.
Зургийн цомог
×
1 / {{
article.get_gallery_count }}
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.