🔴М.Энхцэцэг: Нарны панель, батарейг сүлжээнд холбосноор хэрэглэгч аюулгүй цахилгаан хангамжтай болно

AI хөрвүүлсэн

“Ногоон Эрчим хүч ба Сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр”-ийн хөгжлийг дэмжих чиглэлийг Засгийн газарт өгсөн тогтоолын төсөл УИХ-ын нэгдсэн чуулганаар батлагдлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн М.Энхцэцэгээс тодрууллаа.

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг:

-Нарны панелийг сүлжээнд холбоход техникийн нөхцөл авах, хяналт хийлгэх зэрэг маш хүндрэлтэй процесс байгаа нь гол асуудал. Тиймээс шинэ тогтоолд айл, өрхийн 20 кВт хүртэлх нарны панель, батарейг техникийн нөхцөлгүйгээр сүлжээнд шууд холбох заалт оруулсан. Ингэснээр олон бэрхшээл арилах болно. Мөн айл, өрхийн анхны хөрөнгө оруулалтыг багасгах бодлогыг Засгийн газраас хэрэгжүүлэх хэрэгтэй. Олон өрхөд суурилуулах тусам нэг өрхийн зардал буурч, техникийн хүндрэл багасаж, агаарын бохирдол буурна.

Хоёрдугаар том асуудал нь олон аймаг, сум маш урт шугам, дэд станцаар тэжээгддэг явдал. Үүний улмаас хүчдэл буурч, зуны засвар, тасралтын үед олон аймаг, сум цахилгаангүй болдог. Жишээ нь, өнгөрсөн есдүгээр сард Эрдэнэт дэд станцад гэмтэл гарахад Булган, Архангай, Өвөрхангай, Завхан гэх мэт нийт найман аймаг, 143 сум цахилгаангүй болсон. Хэрэв ийм асуудал өвөл тохиолдвол олон тооны аймаг, сум хөлдөх эрсдэлтэй. Энэ эрсдэлийг бууруулах ганц арга нь аймаг, сумын төвүүдэд нарны панел, батерейтай систем суурилуулах. Ингэснээр хоёр талын тэжээлтэй болж, цахилгаан хангамж найдвартай болж, хүчдэл алдагдал багасна.

Гуравдугаар асуудал нь түлш, шатахуунаас хараат байдал. Сүүлийн 2-3 сард бид их зовж байна. Цахилгаан машины хэрэглээ чухал боловч цэнэглэх байгууламж бараг байхгүй. Цаашдаа сэргээгдэх эрчим хүч, нарны панел, батерей дээр үндэслэсэн цэнэглэх төхөөрөмжийг олноор барьж байгуулах хэрэгтэй. Ингэснээр цахилгаан машины хэрэглээ нэмэгдэж, түлшнээс хараат байдал буурна.

Эдгээр гурван асуудлыг далайцтайгаар хөгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өгч байна. Тогтоолын хэрэгжилтийг УИХ-ын гишүүд онцгой анхаарч, хяналт тавина гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.