🔴З.Боргилмаа: Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт нь иргэний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчсөн гэж ҮХЦ үзсэн

AI хөрвүүлсэн

Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг "Үндсэн хууль зөрчсөн" гэж ҮХЦ-ээс дүгнэсэн. Тэгвэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэхүү дүгнэлтийг хэлэлцэх гэж байна. Энэ асуудлаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаа мэдээлэл өглөө.

МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаа:

-"Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт Үндсэн хууль зөрчиж байна" гэдэг мэдээллийг ҮХЦ-д олон сэтгүүлч гаргасан. Гомдлыг хэлэлцэх явцад хууль эрх зүй болон хэвлэлийн эрх чөлөө, хэвлэлийн эрх зүйн талаас шинжээч авч ажиллуулах тогтоолыг ҮХЦ-ээс гаргаж, би шинжээчээр ажилласан. Мэдээллээс бусдын нэр төрийг хамгаална гэдэг нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хязгаарлаж байсан. Мөн ардчилсан нийгмийн гол багана болох хараат бус хэвлэл мэдээлэл үндсэн, хяналтын үүргээ хэрэгжүүлэхэд хязгаарлалт болсон.

Үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь туйлын хөндөшгүй эрх биш боловч ямар тохиолдолд, ямар хэм хэмжээгээр, яаж хязгаарлахыг олон улсын гэрээ конвенцын хүрээнд маш нарийн заасан байдаг. Энэ хэм хэмжээний хүрээнд Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг авч үзэхэд хууль зүйн талаас олон асуудалтай байсан. ҮХЦ энэ маргааныг хүлээж авч, хэлэлцэхдээ олон шинжээч томилсон. Хууль эрх зүй болон хүний эрхийн талаас нь олон улсын байгууллагуудаас тайлбар авсан. Асуудлыг маш өргөн хүрээнд авч үзэж, дүгнэлтээ гаргасан гэж харагдаж байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.