🔴Т.Аубакир: Дундаж тэтгэврийн хэмжээ 930.2 мянган төгрөг болж байна
Засгийн газрын хуралдаанаар бүх төрлийн тэтгэврийг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 80 мянган төгрөгөөр нэмж, тэтгэврийн доод хэмжээг 769 мянган төгрөгт хүргэхээр боллоо.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир:
-Байнгын асаргаа шаардлагатай, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээ сард 445 мянган төгрөг байсныг 39 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 484 мянган төгрөг болгож байна. Энэ бол нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ юм.
Харин өндөр насны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох Засгийн газрын шийдвэр 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тогтоолын төсөлд, 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 769 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 652 мянга 400 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосон. Бүх тэтгэвэр авагчийн тэтгэвэр 80 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. Ингэснээр их, бага тэтгэвэр авдаг хүмүүсийн хооронд ялгаа үүсгэхгүйгээр нэмэгдүүлж байна.
Өмнө нь 8.6 хувийн нэмэгдэл байсныг шууд жигдлээд, 80 мянган төгрөг болгосон. Үүний үр дүнд, дундаж тэтгэврийн хэмжээ 850 мянган төгрөг байснаас 930.2 мянган төгрөг болж байна.
Ажилгүйдлийн тэтгэмжийн сангийн хувьд 2025 оны төсөвт 162 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан ч тооцоолоогүй ажилгүйдэл үүссэн. Төрийн есөн хувийн цомхотголоор 7 мянга гаруй хүнд цомхотгол хийсэн. Мөн энэ сангаас хууль бусаар тэтгэмж авдаг явдал ихэссэн. Тиймээс бид ажилгүйдлийн тэтгэмж олгох журмаа эргэж харах шаардлагатай. Ирэх жилийн ажилгүйдлийн тэтгэмжид 190 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.