ТАНИЛЦ: Өнөөдрөөс хэрэгжиж эхлэх хуулиуд

ТАНИЛЦ: Өнөөдрөөс хэрэгжиж эхлэх хуулиуд

2026 оны нэгдүгээр сарын нэгнээс иргэд хүүгийн орлогоос ногдол ашиг хүртэж, эмч, багш нарын цалин, ахмадын тэтгэвэр нэмэгдэж, хиймэл оюун ухаанаар торгох систем ажиллаж эхэлнэ.

-Иргэд хуримтлалын сангаас ашиг хүртэнэ-

Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ.

Ингэснээр байгалийн баялгаас олж буй орлогыг хуримтлуулах, ирээдүй үеийнхэнд хүртээмжтэй хуваарилах, сангийн ил тод, хариуцлагатай удирдлагыг хангах зорилт хэрэгжинэ. Энэ нь уул уурхайгаас хамааралтай эдийн засгийг урт хугацаанд тогтвортой байлгах бодлогын нэг чухал хэсэг юм.Түүнчлэн уул уурхайн баялгаас ирээдүй хойчдоо өвлүүлэх, иргэн бүрд хувь хүртээх зорилгоор хуримтлалын санг нээсэн.

Энэ хүрээнд 2025 оны эхний хагас жилийн байдлаар хуримтлалын санд 131.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг, хүүгийн орлого төвлөрчээ. Тухайлбал, 2025 оны хагас жилд хуримтлалын санд 131.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг, хүүгийн орлого төвлөрсөн. Ингэснээр иргэний хуримтлалын нэрийн дансанд 36.3 мянган төгрөг нэмэгдэж, 175 мянган төгрөгийн хуримтлал үүссэн талаар албаныхан мэдээлсэн юм.

-Багш нарын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлнэ-

Энэ оноос Төсвийн тухай хууль мөрдөгдөж эхэлнэ. Тус хуулиар эмч, багш нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотой шийдвэрүүд тусгагдсан билээ. Тодруулбал, багш ажилтны үндсэн цалингийн хэмжээг 2026 оны 1-р сарын 1-ний өдрөөс 50 хувь буюу 742 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан билээ. Улмаар 11 дүгээр сарын 1-ний өдрөөс дахин 26 хувиар нэмэгдүүлнэ. Ингэснээр ирэх 2026 онд багшийн цалинг 70 орчим хувиар нэмэгдүүлж, 2.8 сая төгрөгт хүргэхээр төсөвт 520 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тусгаад буй билээ.

Мөн түүнчлэн нэг ангид суралцах хүүхдийн тоо хэтэрсэн буюу ачаалал ихтэй ажиллаж байгаа багшид хувьсах зардлаар дамжуулан нэмэгдэл хөлс олгох замаар багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, багшийн ур чадвар, ажлын ачаалалд нийцүүлсэн цалин хөлсний бүтцийг бий болгоход зориулж 100 тэрбум төгрөгийг тусгасан билээ.

-Эмч нарын үндсэн цалинг 30 хувиар нэмэгдүүлнэ-

Төсвийн тухай хуулиар эмч нарын цалингийн асуудлыг ч орхигдуулаагүй юм. Тодруулбал, эмч, ажилтны үндсэн цалинг нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 30 хувиар, 8-р сарын 1-нээс 12 дугаар сарын 1-н хүртэл 9 хувиар нэмэгдүүлэхээр төсөвт эх үүсвэрийг нь суулгасан. Засгийн газрын зүгээс энэ ондоо багтааж 75 хувь нэмэгдүүлэхээр болсон гэдгээ зарласан байдаг бөгөөд цаашдаа 2027 онд 3.5 сая төгрөгт хүргэх юм.

-НДС-гаас олгох бүх төрлийн тэтгэвэр 80 мянган төгрөгөөр нэмэгдэнэ-

Засгийн газар 2025 оны отгон хуралдаанаараа 2026 онд тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэх Засгийн газрын тогтоолын төслийг баталсан юм. Тодруулбал, НДС-гаас олгох бүх төрлийн тэтгэврийг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон юм. Эл Тэтгэврийн нэмэгдэлд 2026 онд 516 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд буй юм.

Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээ 769,000 төгрөг, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 652,400 төгрөг болж байна.

-Дүрэм зөрчсөн жолооч нарыг AI-аар илрүүлж хариуцлага тооцно-

Хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын системээр торгууль ногдуулах арга хэмжээ  2026 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлэх юм.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 14.7.57-д:

Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг дарга нь харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн тохиолдолд:

  • Хувь хүнийг хорин (20) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,
  • Хуулийн этгээдийг хоёр зуун (200) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг аж.

Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/1176 захирамжийн дагуу 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчилж эхэлсэн.

Гэвч иргэдийн зүгээс “1111 төв”-д хязгаарлалт үйлчлэхгүй өдрөө хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн зөрчилтэй холбоотой олон санал, гомдол ирүүлж байна. Замын хөдөлгөөнд шударга, тэгш оролцох зарчимыг хангахын тулд иргэн бүр тогтоосон журамд заавал нийцүүлэн оролцох ёстойг анхааруулж байгаа юм.

-Онцгой байдлын алба хаагчдын нэмэгдлийг 10 хувиар нэмнэ-

Засгийн газрын түвшинд хэд хэдэн тогтоолууд мөрдөгдөж эхэлнэ. Тухайлбал, Засгийн газрын 2025 оны 83 дугаар тогтоолоор "Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-д өөрчлөлт оруулж, "30 хувиар" гэснийг "40 хувиар" гэж өөрчилсөн тогтоол батлагдсан. Ингэснээр эл тогтоолыг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж, мөрдөхөөр болсон юм. Ингэснээр онцгой байдлын алба хаагчдын нэмэгдлийг 10 хувиар нэмэгдэж байна.

-36 сарын тэтгэмжийг өвлүүлнэ-

Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож 36 сарын цалинтай нь тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгож ирсэн. Гэвч төрийн албанаас чөлөөлөгдсөн ч нэг удаагийн буцалтгүй тусламжаа авч чадалгүй нас барах тохиолдол цөөнгүй байгаа юм. Тиймээс 36 сарын цалингийн дундажтай тэнцэх буцалтгүй тусламжийг нь түүний ар гэрт олгож байх шийдвэрийг Засгийн газрын тогтоолоор гаргасан бөгөөд эл тогтоол нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх юм.

-Бусад хууль, тогтоомжууд

Мөн Засгийн газрын 2024 оны 143 дугаар тогтоолоор Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоог тогтоосон нь хүүхдийн эрхийн хэрэгжилтэд тавих хяналт, хариуцлагыг бодитой болгох алхам гэж үзэж байна. Энэ хүрээнд Аймаг, нийслэлд ажиллах хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоог 16,000 хүртэлх хүүхэд тутамд нэг улсын байцаагч ажиллуулахаар тооцож, баталсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг 2026 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.