Дотоодын цэргийн штабын даргыг үүрэгт ажлаас нь дахин чөлөөллөө
Дотоодын цэргийн 05 дугаар ангид өнгөрсөн сарын 23-ны үдэш хугацаат цэргийн алба хаагчид нэгэндээ халдаж, харилцааны зөрчил гаргасан билээ. Үүнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч, тухайн ангид шалгалт хийсэн юм. Шалгалтын дүнд үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр арванхоёрдугаар сарын 31-нд тушаал гаргаж, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис болон 05 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Манлайбаатар, тус ангийн захирагчийн нэгдүгээр орлогч бөгөөд штабын дарга, хурандаа Д.Отгонбаатар нарыг албан тушаалаас нь чөлөөллөө.
Дотоодын цэргийн алба хаагчдын дунд дүрмийн бус харилцаа үүсэж, нэгнийгээ зодож, хүний эрхийн зөрчил үүсгэсэн дуулианаас гадна орон нутагт аюултай ачаа хүргэх томилолт аван үүрэг гүйцэтгэж явсан ахлагч цолтой залуу Архангайн Цагаан даваанд осолдож нас барсан зэрэг асуудалд Дотоодын цэргийн штабын дарга хуульд заасан үүргээ биелүүлэх, мэргэжлийн удирдлагаар хангах ажлаа хийж чадаагүй гэж дүгнэн ийм арга хэмжээ авчээ. Оронд нь хэн нэгнийг томилоогүй бөгөөд Дотоодын цэргийн дэд бөгөөд Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Ж.Мөнхсолонгыг үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулахаар шийдвэрлэсэн юм.
Бригадын генерал Р.Чингисийн хувьд Дотоодын цэргийн штабын даргын албан тушаалаас хоёр дахь удаагаа чөлөөлөгдсөн нь энэ. Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа О.Алтангэрэл 2025 оны нэгдүгээр сард тушаал гаргаж, үүрэгт ажлаас нь чөлөөлж байв. Гэвч тэрбээр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан юм. Шүүхээс түүний талд шийдвэр гаргаснаар 2025 оны арваннэгдүгээр сард ажилдаа буцаан томилогдоод байв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.