Ёс зүйг үлгэрлэх ёстой шүүгч нар ёсгүй авирласаар л байх уу

Ёс зүйг үлгэрлэх ёстой шүүгч нар ёсгүй авирласаар л байх уу

Шүүгчийн ажил бол хүний эрх, эрх чөлөө, хуулийг дээдлэн чанд сахиж, ёс зүйг эрхэмлэн ажиллахаар тангараг өргөсөн, хуульчдын дундаас шилдэг нь байхыг шаарддаг мэргэжил. Гэтэл Монгол Улсын нийт шүүхийн 500 гаруй шүүгчээс ажил, мэргэжлийнхээ нэр хүндийг хөсөр хаяж, шороотой хутгах явдал удаа дараа гарсаар байна. 

Хэдэн жилийн өмнө “Салхитын мөнгөний ордын” гэх дуулиант хэрэгт олон хуульч буюу шүүгч, өмгөөлөгч зэрэг ажил эрхэлж байсан хүмүүс холбогдож, цөөнгүйг нь шүүх гэм буруутай гэж дүгнэн ял шийтгэснийг уншигчид санаж буй нь лавтай. Түүнээс хойш хээл хахууль авсан хэрэгт нэг бус шүүгч холбогдон ял шийтгүүлж ч байсан. Цар тахлын хөл хорионы үед нэр бүхий шүүгч нар “шоудсан” нь орцны хяналтын камерын бичлэгт үлдэн дуулиан тарьж, заримд нь сахилгын шийтгэл оноосныг ч иргэд мартаагүй. Нэг шүүгч нь нөгөөгийнхөө гар утсыг ашиглах боломжгүй болгоод, ухаалаг төхөөрөмжид нь халдсан гэм буруутайг шүүх тогтоосон ч өдгөө ажилласаар байгаа нь ч бий. Эрүүгийн хэргийн яллагдагчийг хэрэглэх ёсгүй хуулийн заалт ашиглан сулласан шүүгч байдаг. Энэ мэтээр шүүгч нар ёсоо гээж, хэн нэгэнд давуу байдал үүсгэх гэх мэтээр хууль зөрчих явдал гарсаар буй нь харамсалтай.

Магадгүй хуульчдын дундаас шилдгийг нь сонгож, шалган, шүүгчээр томилуулах саналыг өргөн мэдүүлдэг Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн гишүүдийн шалгалт “но”-той болдгоос ийм шүүгч нар олширсоор буй юм биш биз гэх хардлага ч бий.

Одоогоос 2-3-хан жилийн өмнө дөө, ШЕЗ шүүгчийн сонгон шалгаруулалт явуулж байх үед давж заалдах шатны шүүхэд нэрээ дэвшүүлсэн хүн шалгалтад ороод гурван удаа билет сугалсан байдаг. Эхний хоёрыг нь “мэдэхгүй асуулт байна” гээд буцааж тавиад гурав дахиа арай хийн хариулсан гэдэг. Мөн ШЕЗ-ийн арван гишүүний нэг нь нэр дэвшигчийн оноог засаж, тэнцүүлсэн тохиолдол ч гарсан юм даг. Ийм ёс зүйгүй аргаар шүүгч бологсод элдэв муу зүйлд холбогдож байж ч болзошгүй.

ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛСЭН ХЭРЭГТ ТУРШИЛТ ХИЙХ НЬ ЭРСДЭЛТЭЙ БИШ ГЭЖ ҮҮ

Хэдхэн хоногийн өмнө Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд бага насны хүүхэд хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдсон бариа засалчийн гэм буруутай, эсэхийг дэнслэх хурлыг хийжээ. Орон нутагтаа нэлээд нэр хүндтэй эмнэлгийн бариач эр 12 настай охиныг хүчирхийлэхийг завдсан үйлдэл өдүүлсэн гэх хэрэгт холбогдсон юм байна. Харамсалтай нь, анхнаасаа мөрдөн шалгах ажиллагааг орон нутгийн цагдаагийнхан хуулийн дагуу хийгээгүй бөгөөд хэрэг гарснаас хойш нэлээд хэдэн сар өнгөрсний дараа хэргийн газрын үзлэг хийж, шалгаж эхэлсэн гэдэг. Он солигдохын өмнөхөн шүүх уг хэргийг хянан хэлэлцээд 12 настай охины эмзэг хэсэгт үнэхээр хүрсэн, эсэхийг шийдвэрлэхэд шинжээчийн дүгнэлт нотлох баримт хангалтгүй гэж үзээд туршилт хийлгэх нэрийн доор 60 хоногийн хугацаатай хурлыг завсарлуулсан байна.

Бага насны хүүхдийн хүрч болохгүй цэгт дураараа хүрсэн нь хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэж хохирогч, түүний ар гэрийнхэн нь үзэж буй. Тийм байтал шүүгч нь туршилт хийх нэрээр бага насны хүүхдэд эрсдэлтэй алхам дахин хийлгэхээр шийдвэрлэсэн нь хачирхалтай. Туршилт хийхэд мэдээж үйлдлийг нь олон хүн харж зогсоно. Тийм байхад хэргийн холбогдогч өмнөх үйлдлээ давтана гэж үү.

Мэдээж хохирогч, түүний ар гэрийнхэн гомдолтой байгаа ч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй гэж шийдсэн учраас хэрхэхээ мэдэхгүй байгаа юм билээ. Тиймээс тэдэнд хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан баг, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүлэх л гарц үлдээд буй аж. 

ОГЦРУУЛАХ ШИЙТГЭЛ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛООГҮЙ БАЙНА

Шүүгчид хууль зөрчиж буй явдлыг таслан зогсоохын тулд Үндсэн хуульд Шүүхийн сахилгын хорооны талаарх заалт оруулсан билээ. Энэ байгууллагад шүүгч нарын олонх таатай ханддаггүй. Өөрөөр хэлбэл, ажлаа хийж байгаа шүүгч нарыг элдэв гомдлоор залхаах, дээд шатны шүүхэд нэр дэвшихэд нь саад, шалтаг болдог хэмээн ам муутай байдаг юм. Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан цагаасаа хойш шүүгч нартай холбоотой олон гомдол, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэжээ. Зөвхөн 2025 онд л гэхэд шүүгчийн сахилгын зөрчилтэй холбогдуулан иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдээс ирүүлсэн 311 өргөдөл, мэдээллийг шинээр хүлээн авч, өмнөх оны үлдэгдэлтэйгээ нийлүүлээд 328-ыг хянан шийдвэрлэсэн гэнэ. Үүнээс 19 шүүгчид сахилгын 24 шийтгэл оноож, шийдвэрүүд нь хүчин төгөлдөр болсон байна. Тэдгээр шүүгчийн 10-т нь хаалттай, 11-т нь нээлттэй сануулах 11, цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах шийтгэл гуравт нь оноосон аж. Түүнчлэн Дархан-Уул аймаг дахь шүүхийн шүүгч Я.Туул нарын хоёр хүн, Сэлэнгэ аймаг дахь шүүхийн нэг шүүгчид огцруулах шийтгэл оноосон ч тэд нар нь гомдол гаргаж, эцэслэн шийдвэрлээгүй учраас тус хорооны тайланд албан ёсоор тусгаагүй юм билээ. Дээрх шүүгч нарын эсрэг нэр бүхий хүмүүс удаа дараа гомдол гаргасны дагуу Сахилгын хорооныхон шалгаад шийтгэл хүлээлгэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн учраас энд дахин нурших нь илүүц биз. Ташрамд дурдахад, Шүүхийн сахилгын хороо үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш дөрвөн шүүгчид огцруулах шийтгэл оноож, хүчин төгөлдөр болсон байдаг.

АЛТ ХУУЛЬ БУСААР ОЛБОРЛОСОН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН ШҮҮГЧ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ЮУ 

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг Авдар баян гэх газраас 2021 оны гуравдугаар сард Н гэх хүн экскаватор ашиглан хууль бусаар алт олборлосон хэрэгт холбогдож, тус аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхдээ шилжүүлжээ. Гэвч тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг нь хэрэгсэхгүй болгож цагаатгасан аж. Харин Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаж үзээд Н-д холбогдох хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгон, цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн байна. Улмаар анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон юм.

Хууль бусаар алт олборлосон хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд анхан шатны шүүхийн шүүгчийн ашиг сонирхлын зөрчил байсан бололтой. Учир нь Н-тэй хамт алт олборлодог Б нь хэрэг шийдвэрлэсэн шүүхийн нэг шүүгчтэй ойрын харилцаа холбоотой бөгөөд түүнийг нь бусад шүүгч нь баталж “Б-г дүүгээ хэмээн танилцуулсан. Нэг шүүгчийнх нь ар гэрт гачигдал гарахад гурван сая төгрөг шилжүүлээд тогтохгүй, “ажил явдалдаа хэрэглэ” хэмээн жийп машин гаргаж өгсөн” гэж ярьсан баримт ч байдаг юм билээ.

Б нь Заамар сумын Засаг дарга асан А-д холбогдох хэрэгт яллагдагчаар татагдаж байсан нэгэн бөгөөд уг хэргийг шүүгч нар шийдвэрлэхээс татгалзсан тохиолдол ч бий гэнэ. Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нартай ойр дотно харилцаатай Б гэх уяач эр нэг шүүгчийнх нь нөхөр болох, АТГ-т ажиллаж байгаад халагдсан мөрдөгчийн “хуурай” дүү учраас найзынхаа холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгуулсан байх магадлал өндөр юм. Энэ мэдээлэл Шүүхийн сахилгын хороонд ирсэн ч харамсалтай нь хэрэгсэхгүй болгосон гэх.

Энэ мэтээр ёс зүйг үлгэрлэх ёстой шүүгч нар ёсоо гээж, ашиг сонирхлын зөрчилд ороогдон, бусдынхаа нэр хүндэд ч сөрөг нөлөө үзүүлж байгаад хуульчдаас шилдгийг сонгож, шүүгчээр томилуулахаар нэрийг нь дэвшүүлдэг ШЕЗ, тэднийг томилдог Төрийн тэргүүн анхааралдаа эрх биш авна биз ээ.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Баттулга 1 өдрийн өмнө
Нөгөө Сэлэнгэ билүү аль аймаг билээ Цагдаагийн газрын дарга Энхбат гэлүү Бас Засаг дарга нь Оргио гэлүү Бас МХГ н дарга Отгонтой л нар санагдана Бас МХГ н байцаагч нь хэн гэж байлаа даа Бас Цагдаагийн даргынх нь ганц хууль бус онц ноцтой Гэмт хэргийг нь ажлыг нь гүйцэлдүүлдэг найз Баку билүү Баттулга билүү хүмсийн онц хүнд бүлэг зохион байгуулалттай асар их хэмжээний хохиролтой хуурамч баримт бичиг баримт бас үйлдсэг Дэрэвгэр жиргээ гэдэг хар тамхины ургамал 10 тонныг хилэар орж ирэхэд нь эзнээс нь хураагаад өөрсдөө хятадын хилэар гаргаж асар их ашиг олсон ч билүү яасан ч билээ Нэг хэрэг үйлдэгдсэн гэад сошиалаар бүр зураг хөрөгтөйгөа гараад байсан гэмт хэрэг яасан юм бэ хаачсын бэ. Асар их хэмжээний авилга өгч онц хүнд ноцтой аймшгийн гэмт хэргээ Шүүх дээр нууж байгаа ч гэнэ үү . Ийм аймар юм болдог юмуу. Тийм бол шүүхээ ер нь тараавал яасын бээ гээд ард иргэд бүр яриад удлаа ийм аймар давхар гэмт хэоэг үйлдэж Гэмт хэрэг шүүхэд нууж болдог юмуу яадгиын бол