Хүчтэй удирдагч эхлээд жаргаана. Дараа нь...

Хүчтэй удирдагч эхлээд жаргаана. Дараа нь...

Монголд хүчтэй удирдагчийг хүсэмжлэх, Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж парламентад ёсыг өөрчлөх санаа ил цагаан цухалзах боллоо. 

Нэг хэсэг ордонд жиг жуг хийдэг байсан бол одоо ил цагаан ярих болж. Тэдгээр хүмүүс “Тархай бутархай байсан Монголыг Чингис хаан чанга гараар барьж байж хөгжүүлсэн учир...” хэмээн мэтгэх болов. Монголчууд шинэ цагийн Чингис хааныг хүсэж байна хэмээн мэдэгдэх болов.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, парламентийн тогтолцооноос татгалзах, Ерөнхийлөгчийн засаглал руу гулсуулах санаа зорилготой гэх Ард нийтийн санал асуулга (АНАС) хөдөлгөөн саяхан үүсэж, өдрөөс өдөрт дэмжигчдийн тоо нь нэмэгдэж байгааг энэ өнцгөөс хардахаас өөр арга алга. Ерөнхийлөгч болон УИХ-ын сонгууль айсуй. Энэхүү хөдөлгөөнийг “Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболд, Хууль зүйн сайд асан Л.Цог нар тэргүүлж байгаа нь сэжигтэй. Бизнес сэтгэлгээ нь хөгжсөн хүмүүс шүү дээ. Хоолны үнэр аваа!

Удирдагч удаан жил улс орныг удирдахаар үнэхээр л эдийн засгийн үзүүлэлтүүд сайнаар өөрчлөгддөг байна. Гэвч ямар ч эх орноо гэсэн удирдагч олон жил суухаараа дарангуйлагч болдог. Аксиом. Тэгтлээ вакумждаг.

БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак хэдийгээр өнөөгийн аж үйлдвэржсэн улсыг бий болгосон гавьяатай боловч, адаг сүүлдээ “2-3 сая хүнийг танкаар дайрахад яах вэ дээ” гэдэг дээрээ тулснаар өөрийн найз, тагнуулын даргадаа алагдсан байдаг.

Туркийн ерөнхийлөгч Эрдоганы түүхэн гавьяа бол тус улсын эдийн засгийг солонгоруулсан, хүчирхэг эдийн засагтай болгосон. Гэвчиг тэрээр өөрийнх нь эсрэг бүхнийг "террорист" хэмээн нэрлэж, өөрийг нь шүүмжилсэн блогчдыг хүртэл баривчилдаг болсон. 140000 төрийн албан хаагчийг ажлаас нь халах юм уу, түдгэлзүүлж, 16000 цэрэг, цагдаа, 6300 багш, 2500 сэтгүүлчийг ажлаас нь халж, 1000 бизнесийн байгууллагын өмчийг хурааж, 180 хэвлэлийн газар, 15 их сургуулийг хааж, таван шүүгч тутмын нэгээр ажлаа өгөх хүсэлт өгүүлээд байгаа юм (Эх сурвалж: Мадлен Олбрайт “Фашизм”)

Тусгай алба нь Монголд үйл ажиллагаа явуулдаг нэг турк сургуулийн захирлыг авахаар онгоц авчирсан байсан нь саяхны явдал шүү дээ.

Оросыг 26 дахь жилдээ удирдаж байгаа В.Путин одоо ямар аймшигтай хүн болж хувираад буйг дэлхий нийтээр харж байна. Газар нутгаа тэлэх, түүхэнд нэрээ үлдээхийн төлөө сая сая иргэдийнхээ амь насыг юман чинээ үл бодон, улсынхаа эдийн засгийг улам доройтуулж байна.

Монголд нам, мам болсон гэдэгтэй би ч санал нийлнэ. Гэхдээ Ерөнхийлөгчийн засаглал биш шүү. Монголчуудын хүсээд байгаа чанга гараар улсаа удирдуулах санаа эхэндээ сайн нөлөө үзүүлэхийг үгүйсгэхгүй.

Эхний хэдэн жилдээ хөгжиж мэдэх юм. Харин тав, арван жилийн дараа иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө үгүй болно. Хөнжил дотроо шивнэн ярих болно. Төрийн тэргүүнээ шүүмжилсэн блогч шоронд орох болно. Эсрэг бүхэн магадгүй террорист хэмээн нэрлэгдэх болно. 

Тэр үед Т.Ганболд, Л.Цог нар дуугаа хураах болно. Шагналаа авсан тэд гэдэс цатгалан хэвтэнэ.

 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

энбат 1 өдрийн өмнө
Газар нутгаа тэлэх, түүхэнд нэрээ үлдээхийн төлөө сая сая иргэдийнхээ амь насыг юман чинээ үл бодон, улсынхаа эдийн засгийг улам доройтуулж байна. ingej dugnej bgaa bol asar teneg hevlel medeelel bna shuu, ta nar. ukrain uls 2014 onoos donbass, lugansk-nain oros irgediig yaj alj baisniig medehgui l bna gesen ug. uuruur helbel tarhia ugaalgasan bna, haramsaltai