Н.Өсөхбаяр: Ерөнхий сайд үндэсний бөхийг жалга дов, нутаг усаар ялгаварлаж байгаад харамсаж байна
Ерөнхий сайд Г.Занданшатар "Манай Э.Батмагнай арслан допингтой бөхийг допингтой нь хамт ялсан. Монголын улс төр ч бас допингтой нь хамт ялна" гэж нэг арга хэмжээн дээр хэлсэн бичлэг нь цахим сүлжээд өчигдөр нийтлэгдсэн. Харин түүний хэлсэн үгэнд Монгол Улсын гарьд Н.Өсөхбаяр дургүйцлээ илэрхийлжээ.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар олон нийтийн арга хэмжээн дээр үг хэлэхдээ “Монголын заяа их. Халхын заяа их. Манай Э.Батмагнай арсланг давахад монгол даяараа өндийсөн. Нутгийн уул, ус өндийсөн. Энэ бол үнэхээр сэтгэл огшим үе байсан. Тэр бөх нь допингтой бөх байсан байна лээ. Допингтой бөхийг допингтой нь хамт ялсан. Монголын улс төр ч бас допингтой нь хамт ялна" гэсэн юм.
Үүнтэй холбоотойгоор улсын баяр наадмаар Э.Батмагнай арслантай үзүүр түрүүнд үлдсэн Монгол Улсын гарьд Н.Өсөхбаяр өөрийн цахим хуудсанд дургүйцлээ илэрхийлжээ. Тэрээр "Монгол Улсын эрхэм Ерөнхий сайд Монголын үндэсний өв соёл эв нэгдлийн бэлгэдэл болох үндэсний бөхийг жалга дов, нутаг усаар ялгаварлан гадуурхаж увайгүй үйлдэл гаргасанд гүнээ харамсаж байна. Монголын ард түмэн үнэн худлыг ялгах нүдтэй. Үнэн хэзээд ялна” гэжээ.
Сэтгэгдэл (5)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.