Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ?

Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ?

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс зохион байгуулсан “Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт уралдааны ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн ангилалд  хоёрдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн “Эмпати” сургуулийн сурагч Х.Агата эсээг толилуулж байна.

Сайн байцгаана уу. Миний бие олон ястан, үндэстний өлгий нутаг болох Баян-Өлгий аймагт амьдардаг. Манай аймаг байгалийн үзэсгэлэн, өвөрмөц тогтцоороо Монголын баруун хязгаарыг чимдэг онцгой бүс нутаг юм. Хүн бүр “Баян-Өлгий аймгаас ирсэн” гэхэд “Алтай таван богд гоё” хэмээн уулга алдан ярьдаг. Энэ үгийг би амьдралынхаа туршид тоолж баршгүй олон удаа сонссон. Энэ нь миний нутгийн байгаль ямар үнэ цэнтэй болохыг илтгэхийн зэрэгцээ, бид түүнийг хэрхэн хамгаалж, зөв ашиглаж чаддаг эсэх тухай асуултыг өөрийн эрхгүй төрүүлдэг.

Би одоо 17 настай. Ирээдүйд улс төрийн салбарт, тэр дундаа байгалийн баялгийн зохистой ашиглалт, байгаль орчны бодлогын чиглэлээр ажиллахыг хүсдэг. Энэ хүсэл минь зүгээр нэг мөрөөдөл бус, нутгийнхаа тулгамдсан асуудлыг биеэр мэдэрснээс урган гарсан шийдвэр юм. Тиймээс “Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ?” гэх асуулт надад онолын биш, амьдралын бодит асуудал мэт санагддаг.

Монгол Улсыг “алтан дээр суусан гуйлгачин” хэмээн тодорхойлдог. Энэ үг хатуу сонсогддог ч бодит үнэнтэй ойр. Манай улс ашигт малтмал, байгалийн үзэсгэлэнт газар, ус, бэлчээр зэрэг асар их баялагтай атлаа тэдгээрийг урт хугацаанд, тогтвортой, ард иргэдэд хүртээмжтэй байдлаар ашиглаж чаддаггүй. Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас ихээхэн хамааралтай боловч байгалийн баялгийг зөв менежментгүй ашигласнаас байгаль орчин, орон нутгийн хөгжилд сөрөг нөлөө үүссээр ирсэн.

Би Монголын бүх бүс нутгийн баялгийг нарийвчлан мэдэхгүй. Харин өөрийн амьдарч, өсөж буй нутгийнхаа байгалийг сайн мэднэ. Тиймээс энэ эсээгээ би зөвхөн өөрийн мэддэг, ойлгодог орчиндоо тулгуурлан, хоёр тод жишээг онцлон бичихийг хүссэн юм.

Нэгдүгээрт, Баян-Өлгий аймгийн бахархал болсон Алтай таван богд бол байгалийн үзэсгэлэнт газрын бодит жишээ юм. Жил бүр дотоод, гадаадын олон жуулчин энэхүү сүрлэг уулс, мөсөн гол, онгон байгальд аялдаг. Гэвч жуулчид энэ гайхамшгийг бараг ямар ч зохицуулалт, төлбөргүй үзэж, буцдаг нь харамсалтай. Энэ нь бидний байгальд халгүй хэр нь нутгийн хөгжилд шууд үр ашиг авчрах боломжийг алдаж байгааг харуулдаг.

Алтай таван богдын бас нэг том асуудал бол дэд бүтэц, ялангуяа зам юм. Замын нөхцөл муу байдгаас зарим жуулчид очиж чаддаггүй, очсон хүмүүс ч хүндрэл бэрхшээлтэй тулгардаг. Асуудлын гол шалтгаан нь зөвхөн зам муу байгаад бус, харин хяналт сул, төсөв үр дүнгүй, бодлого тогтворгүй, ил тод байдал дутмаг байгаад оршдог. Төрөөс жил бүр зам засах нэрээр тодорхой хэмжээний төсөв гаргадаг ч тухайн хөрөнгө яг зориулалтын дагуу, үр дүнтэй ашиглагдаж байгаа эсэхэд хангалттай хяналт тавьдаггүй. Үүнийг би энгийн жишээгээр ойлгодог: багш гэрийн даалгавар өгөөд, шалгахгүй бол сурагч хийхгүй байх магадлал өндөр. Үүнтэй адил, хяналтгүй төсөв зам, дэд бүтцийн бодит үр дүнг авчирдаггүй.

Миний бодлоор Алтай таван богдыг зохистой ашиглахын тулд тогтвортой аялал жуулчлалын бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд: байгальд ээлтэй жуулчлал, зохих төлбөрийн систем, зам дэд бүтцийг чанартай хөгжүүлэх, нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг багтана.

Мөн Алтай таван богдод байшинтай эко амралтын газар байгуулбал жуулчдын тоо нэмэгдэж, орон нутгийн иргэдийн орлого өсөх боломжтой. Гэхдээ энэ нь байгаль хамгаалал, тогтвортой байдлыг хангах нөхцөлд л үр дүнтэй. Ийм амралтын газарт сэргээгдэх эрчим хүч ашиглах, бохир ус, хогийг зохицуулах систем суурилуулах нь байгальд ээлтэй аялал жуулчлалыг дэмжих боломжийг бүрдүүлнэ. Төлбөр авч орон нутгийн сургууль, эмнэлэг, дэд бүтцэд зарцуулах нь Алтай таван богдын онгон байгаль, нутгийн хөгжил хоёрыг нэгэн зэрэг хамгаалах арга болно. Түүнчлэн, амралтын газарт нутгийн иргэд ажиллаж, жуулчдад нутгийн соёл, уламжлалыг сурталчилж, байгаль хамгаалах мэдлэгийг түгээх боломжтой. Ийнхүү зөв зохион байгуулалттай эко аялал жуулчлал нь байгаль хамгаалал, орон нутгийн хөгжил төдийгүй улсын хөгжил, эдийн засгийн ашиг гурвыг нэгэн зэрэг хангах боломжийг олгоно.

Хоёрдугаарт, байгалийн баялаг гэдэг ойлголт зөвхөн үзэсгэлэнт уул усаар хязгаарлагдахгүй. Байгалийн баялгийн жинхэнэ утгад алт, зэс, нүүрс зэрэг ашигт малтмал ч багтдаг. Эдгээр баялаг нь зөв ашиглаж чадвал зөвхөн улсын эдийн засгийг дэмжихээс гадна орон нутгийн иргэдийн амьдралд бодитой сайжруулах боломжтой.

Үүний тод жишээ бол Асгатын алтны уурхай юм. Миний сонссоноор, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ойролцоо Асгат нэртэй алтны уурхай ажиллаж байсан. Тухайн үед Асгат нь зүгээр нэг уурхай бус, харин жижиг тосгон мэт амьдралтай газар байжээ. Уурхайд ажилладаг хүмүүсийн хүүхдүүд сурдаг бага сургууль, эмнэлэгтэй, тогтвортой амьдрал бүрдсэн орчин байсан гэж ярьдаг.

Миний аав тухайн үед Асгатын сургуульд нягтлан бодогчоор ажиллаж байсан бол ээж маань сумандаа багшилж байв. Тэр үед манай гэр бүлийн амьдрал харьцангуй боломжийн, тогтвортой байсан нь байгалийн баялгийг зөв ашиглах нь айл өрхийн амьдралд хүртэл бодит эерэг нөлөө үзүүлж чаддагийг харуулна.

Асгатын уурхайд Монгол, Оросын геологичид хамтран ажиллаж байсан ч ардчиллын шилжилтийн үед Оросын мэргэжилтнүүд буцаж, Монголын геологичид цөөн хэдэн жил ажиллаж, мэдлэг, туршлага дутмаг байснаас уурхай хаагдсан. Үүнтэй зэрэгцэн сургууль, эмнэлэг ч хаагдаж, Асгат бараг хүнгүй болсон. Манай аав ч ажлаа орхиход хүрсэн. Би Асгатыг өөрийн нүдээр харж амжаагүй ч зураг, хүмүүсийн ярианаас харахад үнэхээр үзэсгэлэнтэй, баялагтай газар байсан нь ойлгогддог. Одоо ч зарим малчид зун очиж зусдаг, хааяа жуулчид алт хайж ирдэг тухай сонсож байсан.

Миний бодлоор Асгатын уурхайг дахин сэргээж, орчин үеийн технологи, өндөр мэдлэг, хатуу хяналтад тулгуурлан ажиллуулах нь Монгол Улсын байгалийн баялгийг зохистой ашиглах нэг бодит боломж юм. Монгол Улсын хөгжлийг дэмжиж, ажилгүйдлийг бууруулах том боломжийг олгоно. Уурхай ажиллахад шаардлагатай ажилчид, мэргэжилтнүүдийг татан орон нутгийн ажилгүйдлийг бууруулах, олборлолт, боловсруулалтаар бий болох бүтээгдэхүүн, үйлчилгээ нь улсын төсөвт орлого оруулж, дэд бүтцийн хөгжил, боловсрол, эрүүл мэндэд хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлнэ. Ийнхүү байгалийн баялгийг зөв зохистой ашигласнаар, орон нутгийн болон улсын түвшний хөгжил хоёрыг нэгэн зэрэг дэмжиж чадна.

Эцэст нь хэлэхэд, Монгол Улс байгалийн баялгаа зохистой ашиглах асуудал нь зөвхөн эдийн засгийн ашиг бус, ирээдүй үеийн амьдрал, орон нутгийн хөгжил, байгаль хамгааллын асуудал юм. Би Баян-Өлгий аймагт төрж өссөн залуу хүний хувьд нутаг усаараа зүгээр нэг бахархах биш, хамгаалж, зөв ашиглах үүрэгтэй гэж боддог. Хэрэв бид байгалийн баялгаа ухаалгаар ашиглаж чадвал Монгол Улс “алтан дээр суусан гуйлгачин” биш, байгальтайгаа зохицон хөгжсөн, ирээдүйдээ итгэлтэй улс болж чадна.

Энэхүү эсээг бичихдээ би ямар нэгэн ном, эх сурвалж ашиглаагүй, харин өөрийн амьдарч буй орчны ажиглалт, гэр бүлийн гишүүдийн яриа, дурсамж, байгаль орчин, байгалийн баялгийн талаарх ерөнхий мэдлэг, мөн өөрийн судалгаа, бодол дээр тулгуурлан бичсэн болно. Ийнхүү би өөрийн туршлага, мэдрэмж, ойлголтоор Монгол Улсын байгалийн баялгийг зохистой ашиглах асуудлыг бодитоор илэрхийлэхийг зорьсон. Баярлалаа

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.