🔴СЭМҮТ-ийн хяналтад байх ёстой өвчтөн яагаад гадуур явж байсныг тогтооно

Жирэмсэн эмэгтэй болон дөрвөн настай охины амь насанд халдсан онц ноцтой гэмт хэргийн талаар албаныхан мэдээлэл өгөв. Тус хэргийг үйлдсэн этгээд  нь СЭМҮТ-ийн хатуу хяналтад байх ёстой нэгэн байсан ч хэрхэн албадлагын арга хэмжээнээс чөлөөлөгдсөний шалгаж байгаа аж. Түүнчлэн Эрүүгийн хуулийн зарим заалтад өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.

Мөрдөн шалгах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах:

-Цагдаагийн байгууллагын тусгай 102 утсанд 2026 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр 22:54 цагт хүний амь нас хохирсон дуудлага мэдээлэл нийслэлийн БЗД-ийн цагдаагийн хэлтэст ирсэн. Хэргийн газар дээр хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. Хэрэг БЗД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт гарч, 19:55-22:52 цагийн хооронд 30 настай эмэгтэй М, дөрвөн настай А нар хутгалуулсан байдалтай нас барсан байсан. Мөн гурван настай охин А гар сарвуу, нуруундаа хутгалуулж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдсон. Охинд анхан шатны тусламж үзүүлж, Цэргийн төв эмнэлэгт хүргэсэн бөгөөд охин гурван удаагийн хагалгаанд орсон. Биеийн байдал тааруу байна.

Эрүүгийн цагдаагийн алба болон Мөрдөн шалгах алба хамтран шуурхай ажлын хэсэг байгуулж, мөрдөн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэх боломжгүй байдаг. Бид иргэн Б-г цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээг 30 хоногийн авсан байна.

ХЗДХ-ийн дэд сайд Мөнх-Эрдэнэ:

-Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ нь хуулийн дагуу явагдсан уу? Үгүй юу гэдгийг нягтална. СЭМҮТ-ийн хатуу хяналтад байх ёстой тус этгээд нь ямар үндэслэл, дүгнэлтээр албадлагын арга хэмжээнээс чөлөөлөгдөж, гадуур сул чөлөөтэй явах нөхцөл байдал үүссэн бэ гэдгийг шалгаж тогтоох ёстой.

Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсны дараа энэ хэрэг болсон нь эрхзүйн хүрээнд засаж залруулах шаардлагатай гэдгийг харууллаа. ХЗДХ-ийн сайдын тушаалаар шуурхай ажлын хэсэг байгуулагдаж, эрүүгийн хууль тогтоомжид байгаа эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний үр нөлөө нь эрүүгийн хариуцлагадаа нийцэж чадаж байна уу гэдэгт дүгнэлт хийнэ. Дахин нийгмийг цочирдуулсан энэ төрлийн гэмт хэрэг гарах ёсгүй. Иймд энэ эрхзүйн орчныг бий болгох хуулийг хаврын чуулганд өргөн барина. 

Түүнчлэн Сэтгэцийн эмгэгтэй иргэдэд авах эмнэлгийн чанартай албадлагын шинэ төвийг СЭМҮТ-ийн дэргэд байгуулна гэв.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.