А.Амартүвшин: Ширээ сандал хүрэлцэхгүй, агааржуулалтгүй орчинд 60-80 хүүхэд суралцахыг “Эрүүл, аюулгүй” гэж Үндсэн хуулийн цэц үзлээ
Нийслэлийн засаг даргын орлогч А.Амартүвшин хүүхдийн сурч боловсрох эрх, хэмнэлтийн тухай хуулийн заалтаар зөрчигдөж байна хэмээн ҮХЦ-д хандсан ч хүүхдийн сурч боловсрох үндсэн эрхэд халдаагүй гэж үзжээ. Энэ талаар тэрээр цахим хуудастаа дараах байр суурийг илэрхийлжээ.
Нийслэлийн засаг даргын орлогч А.Амартүвшин:
-Иргэн А. Амартүвшин миний бие үндсэн хуулийн цэцэд хүүхдийн сурч боловсрох эрх, хэмнэлтийн тухай хуулийн заалтаар зөрчигдөж байна хэмээн хандсан. Тодруулбал, Сургууль цэцэрлэгийн тоног төхөөрөмж худалдан авах тендерийн гэрээгээ 5 дугаар сарын 31-ны дотор хийгээгүй бол “Хэмнэлтийн тухай” хуулиар төсвийг эргүүлэн татдагийг хүүхдийн сурч боловсрох эрхэнд халдаж байна хэмээн хандсан юм. Харин энэхүү гомдлын хариуг уржигдар буюу 2026.01.07 ны өдрийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэж хүүхдийн сурч боловсрох үндсэн эрхэд халдаагүй хэмээн шийдвэр өглөө.
Ширээ сандал хүрэлцэхгүй, агааржуулалтгүй анги танхимд 60-80 хүүхэд сууж суралцах нь эрүүл аюулгүй орчин гэж үзлээ. Хүүхдүүд өвдсөн үедээ эмнэлгийн коридорт хэвтэх нь эрүүл аюулгүй орчинд өсөн торниж байна гэжээ. Хамгийн гол нь үндсэн хуулиар хугацаагүй олгосон эрхийг “Хэмнэлтийн тухай” хуулиар хугацаа тогтоож буйг үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж миний бие үзээд байгаа юм гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.