ХҮН нам нэр дэвшиж байсан хүмүүсээ цалинжуулахаар төрд “шургуулж” байна
Нам нэрийн дор нам нийлж, сэм хуйвалдсан нөхдийн төлөөлөл төрийн өндөр албан тушаалд очиж, Засгийн газарт сайдын суудалд тухалдаг явдал манайд хэвшил болоод удлаа.
Хууль тогтоох дээд байгууллагад эгэл жирийн иргэдийнхээ төлөөлөл болж гишүүнээр сонгогдон, ард түмнийхээ төлөө үйлчлэхээр тангарагладаг улс төрчид ачир дээрээ сонгуульд өөрт нь зүтгэсэн хүмүүсээ илүүтэй тойглож, төрийн байгууллагад албан тушаалд томилж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулдаг. Үүнтэй нь ард түмэн ч эвлэрчихсэн.
2024 оны сонгуулийн үр дүнд парламентад нэг бус суудалтай болсон, Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж асан стандарт бус Засгийн газарт “МАН-ын халаасны” гэх ХҮН намынхан сайдын суудалд тухалсан. Өдгөө ч Г.Занданшатарын толгойлж буй танхимд үргэлжлүүлэн сайдын албан тушаал хашсаар байгаа билээ.
Тодруулбал, ХҮН намын дарга Т.Доржханд нь Шадар сайд, П.Наранбаяр Боловсролын сайдаар ажиллаж буй. Засгийн газарт сайдын алба хашдаг намын удирдлага болоод тэр үү, намайг хэн хэлэх вэ гэсэн байдлаар харьяалах салбартаа намынхаа гишүүд, танил талаа ажилд томилж, төрд шударгаар дэвшин томилогдох мерит зарчмыг алдагдуулах болжээ.
ХҮН намын дарга Т.Доржхандыг Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан Шадар сайдаар томилон ажиллуулж байгаа. Түүний эрхлэх асуудлын хүрээнд Монополын эсрэг газар, Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар (ТХААГ) шууд удирдлагад нь хамаардаг. Тиймдээ ч Засгийн газрын эдгээр агентлагт өөрийн хүмүүсийг томилохын тулд төрийн байгууллагын үндсэн системийг алдагдуулж байгааг Төрийн албаны зөвлөл тогтоосон байх юм.
Бүтцийн өөрчлөлтөөр халхавчилж, төрд ажиллаж байгаагүй хүмүүсийг оруулах болов
Шадар сайд Т.Доржхандын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг Монополын эсрэг газарт шинэ оны өмнөхөн цөөнгүй томилгоо хийсэн гэх. Ингэхдээ томилж байгаа хүмүүсийнхээ хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ийг хянуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн мэдээлэл бий. Уг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29.2.2-т “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн ХАСУМ-ийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч АТГ-т хүргүүлнэ” гэж заасан. Энэ үүргээ биелүүлээгүй бол тухайн албан тушаалтанд хариуцлага тооцох зохицуулалттай. Хуулийн эл заалтын дагуу ХАСУМ-ийг нь хянуулаагүй томилсон. 2023 онд 16, 2024 онд 29, 2025 онд 37 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байдаг. Хэрэв Монополын эсрэг газрын удирдлага шинэ оны өмнөхөн албан тушаалд томилогдсон хүмүүсийнхээ ХАСУМ-ийг хянуулаагүй нь үнэн бол дарга нь хариуцлага хүлээх биз. Өөрөөр хэлбэл, Шадар сайд Т.Доржханд бус, Б.Билгүүнд хариуцлага тооцох ёстой болно. Ингэж хүний гараар могой бариулчихаад дараа нь өөрийнхөө намынхныг томилуулахыг байг гэхгүй л болов уу. Гэхдээ АТГ-ынхан үүнийг баталсангүй.

Тус газраас гадна ТХААГ-т халаа сэлгээ хийсэн нь хуульд нийцээгүйг Төрийн албаны зөвлөл (ТАЗ) тогтоожээ. Энэ талаар 2025 оны арванхоёрдугаар сард болсон 38 дугаар ээлжит хуралдаанаараа хэлэлцээд “ТХААГ-ын төрийн захиргааны зарим албан тушаалд нэр бүхий иргэн, албан хаагчийг томилсон шийдвэр, үйл ажиллагаа Төрийн албаны хууль, тогтоомжид нийцэж буй, эсэхэд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн тайлан, дүгнэлттэй танилцаж зохих шийдвэрүүдийг гаргав” хэмээсэн байна. Шадар сайд Т.Доржханд 2025 оны хоёрдугаар сарын 7-ны 05 дугаар тушаалаараа ТХААГ-ын бүтцийг шинэчлэн баталсан аж. Үүнийг нь ТАЗ зөвшөөрч тогтоол гаргажээ.
Шадар сайд Т.Доржханд 2025 оны есдүгээр сарын 8-нд 57 дугаартай тушаал гаргаж, ТХААГ-ын бүтцийг дахиад өөрчилчихөж. Ингэхдээ тус байгууллагыг хоёр газар, таван хэлтэстэй байхаар зохион байгуулалт хийсэн гэнэ. Үүний улмаас өмнөх бүтцээр ТХААГ-т газар, хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн зэрэг албан тушаал хашиж байсан хүмүүсийн эрх зүйн байдлыг дордуулчихаж байгаа юм.
Түүгээр ч зогсохгүй хоёр дахь удаагаа бүтэц батлахдаа Засгийн газрын 2025 оны наймдугаар сарын 20-ны 52 дугаар тогтоол, долоодугаар сарын 2-ны дөрөвдүгээр хуралдааны тэмдэглэлийг үндэслэл болгосон хэмээн ТХААГ-ын ажилтнуудад танилцуулсан гэдэг. Гэвч дээр дурдсан тогтоол болон тэмдэглэлийг зөрчиж, өөрт ашигтай байдал үүсгэн, намынхнаа, “цүнх баригчдаа” албан тушаалд томилох хэрэгсэл болгосон аж.
Тухайлбал, ТХААГ-т Хөрөнгө оруулалтын төслийн газар гэх нэгж бий болгожээ. Энэ нь Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай дээрх 52 дугаар тогтоолд заасан “Агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгж нь яамныхтай давхардаагүй, бүтцийн хувьд энгийн, ойлгомжтой байх” гэж заасныг улайм цайм зөрчсөн байгаа юм. Мөн ТХААГ-т Ажил худалдан авах хэлтэс, Эрх шилжүүлсэн төсөл, арга хэмжээний хэлтэс гэхчилэн ажил үүргийн давхардалтай хэлтэс бий болгоод зогсохгүй ахлах мэргэжилтэн зэрэг ажил үүргийн давхардалтай орон тоо ч баталжээ. Ингээд ХҮН намынхнаа, эсвэл хэн нэгний шахааны хүмүүсийг Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдынхаа шийдвэрийг зөрчин байж албан тушаалд томилсон байх юм.
Жишээлбэл, ТХААГ-т Ерөнхий гэрээ, мэдээллийн технологийн газар нэгж байгуулж, даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтөр гэх хүнийг томилсон аж.
Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны долоодугаар сарын 25-нд Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай албан даалгавар гаргахдаа “Албан тушаалтны болон сул орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүй байх”-ыг Засгийн газрын агентлагийн дарга нарт даалгасан байдаг. Үүнийг нь зөрчөөд Шадар сайдынхаа шахалтаар ТХААГ-ын дарга нь дээрх хүнийг болон Мэдээлэл, технологийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Пүрэв нарын томилгоог хийсэн бололтой.
Түүнчлэн ТХААГ-ын Худалдан авах ажиллагаа зохион байгуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Гүндсамбуу, Худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ариунгэрэл, хуулийн мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Буянхишиг, Ерөнхий гэрээ, мэдээллийн технологийн газрын мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Сарнай зэрэг хүнийг бас Шадар сайдын ажлын албаныхны шахалтаар уг албан тушаалуудад томилсон гэдэг.
Энэ мэт томилгоо нь Төрийн албаны хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн учраас ТАЗ-өөс шалгалт хийгээд 2025 оны арванхоёрдугаар сарын 19-нд ТХААГ-ын дарга Ц.Батзулд “Тогтоол хүргүүлж, чиглэл өгөх тухай” гэсэн албан тоот хүргүүлжээ. Үүндээ нэр дурдсан хүмүүсийг хууль зөрчиж томилсныг тогтоож, 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор зөрчлөө арилгахыг даалгасан байна. Харамсалтай нь, ТАЗ-ийн шийдвэрийг үл ойшоож, асуудлаа шийдэхгүй байгаа гэх мэдээлэл бидэнд ирэв.
Сонгуульд өвдөг шороодсон ч албан тушаалын бялуунаас хуваалцана
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газарт ХҮН намаас гадна АН-ынхан багтаж, сайдаас авахуулаад бүтээмжийн менежер гэх хурган даргын албан тушаалд хүмүүсээ шахсан.
Тухайлбал, өмнө нь УИХ-ын гишүүн байсан, 2024 оны сонгуульд нэр дэвшээд унасан З.Нарантуяаг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилсныг уншигчид сайн санаж буй. Тэгвэл ХҮН намынхан ч ялгаагүй, өмнө нь хэлсэнчлэн сонгуульд өвдөг шороодогсдоо төрийн албанд “шургуулж”, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулах болсон. Тухайлбал, Шадар сайд Т.Доржхандын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга В.Энхбаатарыг ажлаас нь чөлөөлсөн юм. Түүний оронд Б.Зандан гэх бүсгүйг томилсон. Тэрбээр нийслэлийн ИТХ-ын 2024 оны сонгуульд Сүхбаатар дүүргийн долоодугаар тойрогт ХҮН намаас нэр дэвшээд сонгогдож чадаагүй юм.
Тэгвэл мөнөөх ТХААГ-т Ажил худалдан авах хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Б.Амараа нь 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намаас хоёрдугаар тойрог буюу Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт нэр дэвшиж байв. Тэрбээр 2025 оны хоёрдугаар сарын 3-нд ТХААГ-ын худалдан авах ажиллагааны мэргэжилтнээр анх томилогдож, хоёрхон сарын дараа хуульд заасан шаардлагыг огт хангахгүй атлаа дээрх хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр хууль зөрчин томилогдчихож.
Шадар сайдын ажлын алба гэх Төрийн ордонд суудаг бүтэц бий. Тус албанд ч бас л сонгуульд өвдөг шороодогсод нь багтжээ. Тухайлбал, Шадар сайдын зөвлөх гэх албан тушаалтай Ш.Энхтуул УИХ-ын сонгуулийн есдүгээр тойрог Баянгол дүүрэгт, С.Санасэр УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог Хан-Уул дүүрэгт, шинжээч Ч.Урангуа нийслэлийн ИТХ-ын нэгдүгээр тойрог Баянгол дүүрэгт нэр дэвшиж байсан гэх мэт хүн бий.
Энд дурдсанаас гадна ХҮН намын өөр олон нэр дэвшигч засагт хамтарсны “бялуу”-наас хүртэж суугаа юм билээ. Шадар сайдын ажлын албыг төсвийн байгууллага хэмээн шилэн дансны мэдээлэлд тодорхойлсон байх бөгөөд энэ утгаараа татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг гэсэн үг.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.