Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг шалгаж эхэллээ
“ДЦС-4” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэллээ. Түүнийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд буй аж.
Эрчим хүчний хүчний сайд байх үед нь Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв аймагт дулааны станц байгуулах тендерт БНСУ-ын “Бьюксан инженеринг” гэх компани оролцож шалгарсан байдаг. Орчин үеийн дэвшилтэт технологи бүхий дулааны 10 станц, дулаан дамжуулах 88 төв, нийтдээ 65 орчим км урттай дулаан дамжуулах шугам сүлжээ бүхий төвлөрсөн дулаан хангамжийн системийг ашиглалтад оруулах төсөлд БНСУ-ын Экспорт, импортын банкнаас 150 орчим сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгосон билээ. Үүний хүү, алдангийг манай улс төлж буй аж.
Уг төслийн ерөнхий гүйцэтгэгч “Бьюксан инженеринг” компани дампуурлаа зарласан гэх мэдээлэл байгаа бөгөөд тус улсын прокурорын байгууллага нарийвчилсан шалгалт хийж буй аж. Үүнтэй холбоотойгоор манайд ч Н.Тавинбэхийг шалгаж, өчигдөр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд гэр, албан өрөө, хамаарал бүхий объектуудад нь АТГ-ынхан нэгжлэг хийсэн юм. Улмаар хойшлуулшгүйгээр баривчлах санал прокурорт хүргүүлэхээр болсон гэх мэдээлэл бидэнд ирсэн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.