Нисэх буудалд хүн барьцаалж бүрэлгэсэн монгол, хятад иргэдийг гэм буруутайд тооцлоо
Бээжингээс “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2024 оны арванхоёрдугаар сарын 5-нд газардсан онгоцоор ирсэн БНХАУ-ын иргэдийг барьцаалж, нэгийг нь буудаж хөнөөсөн дөрвөн хүнд холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх уржигдар хэлэлцэн 22.00 цагийн үед шийдвэрээ танилцууллаа.
Монгол Улсад түр оршин суудаг БНХАУ-ын иргэн Лиү Бөүвин, Шүй Ханмин, манай улсын иргэн А.Даянтөмөр, А.Тэнгис нарыг Эрүүгийн хуулийн 10.1-2.4, 2.5, 2.11 дэх хэсгийн “бүлэглэж, өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах, эдийн давуу байдал бий болгох зорилгоор хүний амь хөнөөсөн”, 11.6-2 дахь хэсгийн “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, 13.3-2.2-т заасан “хоёр болон түүнээс олон хүнийг барьцаалсан”, 17.6-1-ийн “Бусдыг эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардаж, өөрт нь хүч хэрэглэсэн” гэх заалтыг үндэслэн Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн юм. Энэ дөрвөн хүн “Чингис хаан” нисэх онгоцны буудалд тосож авсан хятадуудаасаа нэг сая юань нэхэж, данс руу шилжүүлэхийг шаардсан бөгөөд энэ үедээ нэгийг нь зодож, гэмтээсэн бол нөгөөг нь буудаж хөнөөсөн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон билээ.
Шүүх уг хэргийг хэлэлцээд БНХАУ-ын иргэн Лиү Бөүвин, Шүй Ханмин, манай улсын иргэн А.Даянтөмөр, А.Тэнгис нарыг дээр дурдсан зүйл заалтад заасан хэргүүдээс хүн барьцаалсан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хүний амь бүрэлгэсэн гэм буруутайд тооцсон байна. Харин 17.6-1-ийн “Бусдыг эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардаж, өөрт нь хүч хэрэглэсэн” гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ. Шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгч нар шүүх бүрэлдэхүүнд хандан хохирол нөхөн төлбөр төлөхийн тулд завсарлага авах хүсэлт гаргаснаар энэ сарын 21-ний 08.30 цаг хүртэл хойшлууллаа.
Дээрх дөрвөн хүнээс гэмт хэргийн хохирол болох 74.3 сая гаруй төгрөг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн аж. Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүгчийн захирамжаар А.Даянтөмөр, А.Тэнгис нарыг батлан даалтад гаргаад байсныг уржигдрын шүүх хурлаас өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.