"Өөхний шорон" нэртэй хатуу дэглэмтэй тураах төвүүд Хятадад трэнд болж байна
2026 оны нэгдүгээр сарын байдлаар Хятад улсад "өөхний шорон" гэж албан бусаар нэрлэгддэг жин хасах хатуу дэглэмтэй төвүүд олон улсын хэвлэлүүдийн анхаарлын төвд ороод байна.
Австралийн инфлюенсер Т.Л.Хуан Гуанжоу хот дахь ийм төвд 28 хоног байрласан туршлагаа хуваалцсанаар цэргийн зохион байгуулалттай, хаалттай хаалганы цаана явагддаг эдгээр байгууламжийн үйл ажиллагаа олон нийтэд ил болжээ. Тус улсад насанд хүрэгчдийн тал хувь нь илүүдэл жинтэй болсон нь ийм төрлийн эрс тэс үйлчилгээний эрэлтийг нэмэгдүүлжээ.
Эдгээр төвүүдийн 28 хоногийн буюу дөрвөн долоо хоногийн хөтөлбөрийн төлбөр дунджаар 600-аас 1000 ам.доллар байдаг аж. Хамгийн хямд буюу 600 долларын багцад таван хүнтэй нийтийн байранд, дундын ариун цэврийн өрөө ашиглах нөхцөлтэй байдаг бол 1000 доллар төлснөөр тусдаа өрөөнд байрлах боломжтой юм. Төлбөрт байр, хоол, 24 цагийн харуул хамгаалалт болон мэргэжлийн дасгалжуулагчийн удирдлага дор хийх 72 удаагийн тусгай фитнесс хичээл багтдаг байна.
"Шорон" гэж нэрлэгдэх болсон гол шалтгаан нь оролцогчдыг гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлаж, хаалгаа цоожлон, өндөр ханаар хүрээлэгдсэн орчинд байлгадагтай холбоотой.
Өглөөний 7:30 цагт босч, өдөрт дөрвөн цагийн турш өндөр ачаалалтай дасгал хийхээс гадна өглөө, орой бүр жингээ үзүүлэх хатуу хуваарь мөрддөг аж. Хоолны дэглэмийн хувьд энгийн хятад хоолыг маш бага порцоор өгдөг бөгөөд бэлэн гоймон, чихэрлэг ундаа зэрэг хүнсийг ирсэн даруйд нь хураан авч, эмнэлгийн шалтгаанаас бусад тохиолдолд гадагш гарахыг хориглодог байна.
Хэдийгээр зарим оролцогчид 14 хоногт 14 кг жин хассан үр дүн гарсан ч эрүүл мэндийн эрсдэл өндөр байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Тухайлбал, инфлюенсер Т.Л.Хуан хөтөлбөрийн гурав дахь долоо хоногт өндөр халуурч, эмнэлэгт хүргэгдсэн тохиолдол гарчээ. Эмч нарын зүгээс ийм богино хугацаанд огцом жин хасах арга нь бөөрний дутагдал, зүрхний хэм болон булчингийн алдагдалд хүргэх аюултайг сануулсаар байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Хятад даяар ийм төрлийн 1000 гаруй төв үйл ажиллагаа явуулж байгаа нь тус улсад таргалалт нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудал болсныг харуулж байна. Засгийн газраас "Жингийн менежментийн жил" аяныг эхлүүлж, таргалалттай тэмцэх зохицуулалттай арга хэмжээ авч эхэлсэн ч хурдан үр дүн хүссэн иргэдийн хувьд эдгээр хатуу дэглэмтэй лагерууд эрэлттэй хэвээр байгаа бөгөөд цаашид ч зах зээл нь өргөжих хандлагатай байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.