ОХУ-ын Камчаткад 146 жилийн түүхэнд тохиолдож байгаагүй байгалийн гамшиг тохиож байна
ОХУ-ын Алс Дорнодын Камчаткийн хойгт сүүлийн 146 жилд тохиолдоогүй их хэмжээний цас орж, бүс нутгийн хэмжээнд онц байдал зарлаад байна.
Номхон далайн хүчтэй циклон нэгдүгээр сарын 12-ноос эхлэн тус бүс нутгийг дайрч, орон сууцны барилгын гурав, дөрөвдүгээр давхарт хүрсэн цасан хунгар үүсгэжээ. Одоогийн байдлаар хотууд цасанд дарагдаж, дэд бүтэц саатаад байгаа бөгөөд эрх баригчид гамшгийн үр дагаврыг арилгахаар бүх нөөц бололцоогоо дайчилж байна.
Бүс нутгийн нийслэл Петропавловск-Камчатский хотод цасны зузаан албан ёсны хэмжилтээр 171 см буюу 5.6 фут хүрсэн бол салхинд туугдаж хуримтлагдсан цас 3-5 метрийн өндөртэй "цагаан хавцал"-уудыг үүсгээд байна.
Байгалийн гамшгийн улмаас хоёр хүн амиа алдсан тохиолдол бүртгэгджээ. Амиа алдагсад нь 60 болон 63 настай эрэгтэйчүүд байсан бөгөөд цаг агаар бага зэрэг дулаарах үед барилгын дээврээс нурсан их хэмжээний цасанд дарагдсан байна.

Хотын нийтийн тээвэр бүрэн зогсож, зам тээврийн хөдөлгөөн саатаад байгаа тул эрх баригчид Оросын Үндэсний гвардын (Росгвардия) туулах чадвар өндөр цэргийн машинуудыг иргэдэд үйлчлэх такси болгон ашиглаж эхэлжээ. Түүнчлэн Номхон далайн флотын шумбагч онгоцны багийнхан болон цэргийн алба хаагчдыг эмнэлэг, сургууль болон нийтийн чухал обьектуудын цасыг цэвэрлэх ажилд дайчилсан нь урьд хожид байгаагүй онцгой арга хэмжээ болж байна.
Бүс нутгийн захирагч Владимир Солодов цахилгаан болон дулааны шугам сүлжээ хэт ачаалалтай байгаа ч бүх нийтийн цахилгаан тасалдахаас сэргийлж чадсанаа мэдэгдэв. Харин Онцгой байдлын сайд Сергей Лебедев цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан дээвэр дээрх цас нурах эрсдэл өндөр байгааг иргэдэд анхаарууллаа. Үүнтэй холбогдуулан Мөрдөн байцаах хорооноос дээврийн цасыг цаг тухайд нь цэвэрлээгүй орон сууцны менежментийн компаниудын үйл ажиллагаанд шалгалт хийж эхэлсэн байна.

Одоогоор цас цэвэрлэгээний ажил үргэлжилж байгаа ч сургуулиудын үйл ажиллагааг энэ долоо хоногийг дуустал зогсоожээ. Хэдийгээр цас орох нь багассан ч дээврийн нуралт болон хот доторх цасны нуранги үүсэх эрсдэл хэвээр байгаа тул нисэх онгоцны нислэгүүдийг цуцалж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулсаар байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.