Н.Тавинбэхийг сулласан ч ЭХЯ-ны эрх бүхий албан тушаалтнуудтай хамт үргэлжлүүлэн шалгаж байна
Эрчим хүчний сайд асан, “ДЦС-IV” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдоод удаагүй байгаа Н.Тавинбэхийг албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгосон хэрэгт шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаатай албадан саатуулсан бөгөөд Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх түүнийг нь хүчинтэйд тооцсон юм.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас түүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрээ тус шүүхэд хүргүүлсэн аж. Гадаад улсаас олгосон хөнгөлөлттэй зээлээр эрчим хүчний салбарт хэрэгжүүлсэн төсөлд Монгол Улсын төрийн байгууллагын албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрсдийн хамаарал бүхий хуулийн этгээдийг оролцуулан, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5-1.3-ын “хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” үндэслэлээр Н.Тавинбэхийг энэ сарын 14-ний 23.20 цагаас эхлэн хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцуулах саналыг дээрх шүүх өнгөрсөн пүрэв гарагт хүлээн авчээ. Улмаар хурлаар хянан хэлэлцээд хүчинтэйд тооцсон аж.
Прокурор, мөрдөгчид Н.Тавинбэхийг яллагдагчаар тооцон үргэлжлүүлэн хорих саналаа Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлсэн ч хурлыг нь хойшлуулсан юм байна. Тиймээс Н.Тавинбэхийг өнгөрсөн баасан гарагт батлан даалтад гаргажээ. Түүнийг яллагдагчаар тооцон үргэлжлүүлж хорих, эсэхийг шүүх өнөөдөр шийдвэрлэх юм.
Н.Тавинбэхэд холбогдох хэргээс үүдэлтэйгээр Эрчим хүчний яам (ЭХЯ)-нд эрх бүхий албан тушаал хашиж байсан нэг бус хүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж эхлэв.
Монгол Улсын болон БНСУ-ын Засгийн газар хоорондын “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийг БНСУ-ын “Эксим банк”-ны 40 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийн 148.7 сая ам.долларын хөрөнгөөр барих гэрээг 2019 онд байгуулжээ. Улмаар ЭХЯ-наас 2019 онд дээрх төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр БНСУ-аас хоёр, Монголоос нэг аж ахуйн нэгжийн түншлэлийг сонгон шалгаруулж, есөн сая гаруй ам.долларын гэрээ хийсэн байна. Үүнээс хойш төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компанийн ажлын гүйцэтгэл хангалтгүй, хугацаа дууссан байхад ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж, албан тушаалаа урвуулж зөвлөх үйлчилгээний гэрээний хугацааг сунгаад тогтохгүй, төсвийг нь үндэслэлгүйгээр 2.6 сая ам.доллароор нэмж, Монгол Улсын нэр бүхий аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон аж.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад зөвлөх үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхад түүний зөвлөх нь асан, өдгөө Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч гэх албан тушаал хашдаг П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани болох нь тогтоогдсон гэнэ. Уг компани нь зөвлөх үйлчилгээтэй холбоотой 2.1 сая ам.доллар буюу долоон тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт гаргуулан авсан ч юу ч хийгээгүй нь батлагджээ.
Уг хэрэгтэй холбогдуулан гурван хүнийг сэжигтнээр баривчлан шалгаж, 21 газарт прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийсэн гэнэ.

Нэгжлэгээр Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрх өндөр үнэтэй олон тооны үл хөдлөх хөрөнгө болон үнэт эдлэл хураан авсан байна. Н.Тавинбэхтэй хамт ЭХЯ-ны газрын дарга, сайдын зөвлөх асан, ЭХЗХ-ны зохицуулагч, зөвлөх инженер, техникийн ухааны доктор П.Товуудоржийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Ташрамд дурдахад, Монгол Улсаас БНСУ-ын “Эксим банк”-тай байгуулсан “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн гэрээний зээлийн хүүд нийтдээ 605 мянган ам.доллар одоогоор төлөөд буй аж. Гэвч эрх мэдэлтнүүд уг зээлийн гэрээний мөнгийг завшсанаар төсөл хэрэгжүүлээгүй, ерөнхий гүйцэтгэгч нь дампуурлаа зарлахаар Өмнөд Солонгосын шүүхэд хандсан байгаа юм. Уг төсөл хэрэгжсэн бол 10 аймгийн төвийн утаа багасаж, иргэдийн амьдрах орчин сайжран, төвлөрсөн дулаан хангамжийн найдвартай системд холбогдох боломж бүрдэх байв.
Өөрөөр хэлбэл, авлигачид, албан тушаалаа урвуулагчдын балгаар иргэдийн боломж алдагдчихаж.
Сэтгэгдэл (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.