ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох хамаарал бүхий компанидаа давуу байдал олгов
ЭХЯ-ны эрх бүхий хүмүүсийг албан тушаалаа урвуулан хамаарал бүхий аж ахуйн нэгждээ давуу байдал олгосон хэргийг шалгах ажлын хүрээнд Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж байна.
2020 оноос ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын, 2022 оноос Төрийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаал хашиж байгаад өнгөрсөн есдүгээр сард өнөөгийн албан тушаалдаа очсон түүнийг Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсгийн албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал бий болгон их хэмжээний хохирол учруулсан, 18.6-1-ийн мөнгө угаасан хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Б.Насантогтох нь ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг нэгэн уурхайн баяжуулах үйлдвэрийнхээс цахилгаан хангамжийн техникийн нөхцөл олгуулах хүсэлтийг 2023 оны арваннэгдүгээр сарын 16-нд хүлээн авсан аж. Уг нь хууль, журмаараа бол тодорхой хугацаанд хянаж шалгаад тусгай зөвшөөрөл олгох ёстой. Гэтэл Б.Насантогтох нь эрх мэдлээ ашиглан хүсэлт ирүүлсэн өдөр нь цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийг баталж олгожээ.
Үүнээс хойш хагас жил гаруйн дараа 2024 оны зургаадугаар сарын 20-нд Б.Насантогтох эхнэрийнхээ үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжийг дээрх уурхайд “Ган голтой хөнгөн цагаан дамжуулагч утас нийлүүлэх 5.5 тэрбум төгрөгийн өртөгтэй гэрээ”-г байгуулахад нөлөөлж өөртөө давуу байдал бий болгосон гэх нөхцөл байдал тогтоогдсон аж.
АТГ-ынхан мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд нэгжлэг хийгээд гэрээс нь бэлнээр 10 600 ам.доллар, 11 600 юань, 300 000 вон, 3440 евро, мөн түүний хамаарал бүхий этгээдийн гэрээс 70 000 ам.доллар гээд нийт 350 орчим сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валют хураан авчээ.
Өдгөө уг мөнгөний эх үүсвэрийг тогтоохоор АТГ-ын мөрдөгчид шалгалтаа үргэлжлүүлж буй юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.