Эрдэнэт үйлдвэр нь хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын шинэчлэлийн төслийг эхлүүллээ

Эрдэнэт үйлдвэр нь хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын шинэчлэлийн төслийг эхлүүллээ

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь өнгөрөн одож буй 2025 онд хүдэр дэх металлын агуулга огцом буурч, хүдрийн агуулга нэмэгдэж буйтай холбогдуулан, гаргаж буй бүтээгдэхүүнийхээ хэвийн хэмжээг хадгалахын тулд 1978 онд анх ашиглалтад орсон, 20 сая тонны хүчин чадалтай хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын том бутлалтын бутлуурыг шинэчилж, технологийг сайжруулах шаардлагатай болсон.

Ийнхүү тус шугамын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, 40 сая тонн болгох бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүллээ. Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын барилгын ажил хасах 32 метрийн гүнд хийгдэж, дээр нь 28 метр өндөр буюу нийт 20 гаруй давхар байшинтай тэнцэх хэмжээний 60 метр өндөр барилга баригдах юм. 

Энэ шинэчлэлийн төслийг хэрэгжүүлснээр бутлагдсан хүдрийн зохимжит бүхэллэгийг буулгаж, хүдэр боловсруулалтын хэмжээг жилд тогтмол 40 сая тонн-д барих боломж бүрдэх бөгөөд цахилгаан зарцуулалт, хуяг, ган бөөрөнцөг зэрэг ашиглалтын хувьсах зардлыг 7%-аар бууруулж, орд ашиглалтын нийт хугацаанд борлуулалтын орлого 2.5 сая ам.доллароор нэмэгдэнэ.

Мөн Баяжуулах үйлдвэрийн шинэчлэлийн төслийн хүрээнд Хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэх, Шинэ хаягдлын сан байгуулах зэрэг томоохон төслийн ажлууд амжилттай хэрэгжиж байна. Эдгээр төслүүд нь жилээс жилд буурч байгаа хүдэр дэх металлын агуулга болон өсөн нэмэгдэж буй хүдрийн хатуулгийн эсрэг үйлдвэрлэлийн бүтээмжийг бууруулахгүйгээр эцсийн бүтээгдэхүүн болох Зэс болон молибдены баяжмал гаргалтын хүрсэн түвшнийг хадгалж, бага зардлаар, өндөр бүтээмжтэй ажиллаж, өртөг зардлыг бууруулах, үйлдвэрлэлийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.