“Мэдлэг түгээх ажлын байр” төслийн үр дүнг танилцууллаа

“Мэдлэг түгээх ажлын байр” төслийн үр дүнг танилцууллаа

Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хэрэгжүүлсэн “Мэдлэг түгээх ажлын байр” төслийн үр дүнг хэлэлцэх энэ оны хаалтын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Тус үйл ажиллагаа нь төслийн хэрэгжилт, бодит үр дүнг танилцуулах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, төслийн баг, оролцогчдыг урамшуулах зорилготой бөгөөд төслийн хүрээнд мэдлэг түгээх ажлын байр бий болгосон цех, нэгжийн удирдлага, ажилтнуудын төлөөлөл хүрэлцэн ирж оролцсон юм.

“Мэдлэг түгээх ажлын байр” төслийн үр дүнгийн үйл ажиллагааг Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр нээж хэлэхдээ, “Энэхүү төсөл нь Эрдэнэт үйлдвэрт 50 жилийн турш хуримтлагдсан мэдлэг, ур чадварыг хадгалж үлдэх, системтэйгээр түгээх, залгамж халааг бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм. “Эрдэнэт үйлдвэр Хүний нөөцийн олон улсын 30400 багц стандартыг тав дахь жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний нэг болох Мэдлэгийн менежментийн 30401 стандартыг Монгол Улсад анх удаа эргэх хөтөлбөрийн хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна. Уг стандартын гол томоохон хэрэгжилт нь ‘Мэдлэг түгээх ажлын байр” төсөл юм, хэмээн тэмдэглэлээ.

Хөтөлбөрийн хүрээнд төслүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх танилцуулгууд хийгдсэн. Тодруулбал, “Албан тасалгааны цэвэрлэгчийн ажлын байр” төслийн хэрэгжилтийн талаар ААҮЦ-ийн үйлчилгээний тэргүүлэх мэргэжилтэн Д.Амаржаргал, “Цахим танхим” төслийн хэрэгжилтийн танилцуулгыг Хүний нөөц, захиргааны хэлтсийн Төрөлжсөн архивын Системийн ашиглалт, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Э.Ганбаяр, “Эрдэс судлаач инженерийн ажлын байр” төслийн танилцуулгыг Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн Эрдэс судлаач инженер С.Цэсэн, “Шүүн хатаах хэсгийн цахилгаанчны ажлын байр” төслийн танилцуулгыг Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн мастер С.Хатанбаатар нар тус тус мэдээлэл хийж, хэрэгжилтийн явц, ололт амжилт, тулгарсан асуудал, цаашдын чиглэлийг танилцуулсан юм.

Төслийн хүрээнд бүтцийн нэгж бүрийн онцлогт тохирсон байдлаар мэдлэг түгээх ажлын байрыг байгуулж, үйлдвэрлэл, үйлчилгээний бодит мэдлэгийг баримтжуулах, кодчилох, сургах, хөгжүүлэх ажлууд амжилттай хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрт нийт 44 “Мэдлэг түгээх ажлын байр” байгуулагдаж, давхардсан тоогоор 2200 гаруй ажилтан хамрагдах боломж бүрдээд байна. Мөн Үйлчилгээ, аж ахуйн цехийн сүүлд байгуулагдсан Мэдлэг түгээх ажлын байраар дамжуулан богино хугацаанд 10 гаруй байгууллагын 200-300 ажилтан зочлон туршлага солилцсон нь уг төсөл зөвхөн байгууллагын дотоод хэрэгцээг хангахаас гадна улс орон даяарх ижил төстэй аж ахуйн нэгжүүдэд сайн туршлага болж байгааг харуулж буйг онцоллоо.

Энэ үеэр, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан төслийн баг, хүний нөөцийн мэргэжилтнүүд, бүтцийн нэгжийн удирдлагууд болон хамт олонд талархал илэрхийлж, цаашид мэдлэг түгээх ажлын байрыг тогтвортой, тасралтгүй сайжруулан хөгжүүлэх нь чухал болохыг тэмдэглэв. Төгсгөлд нь “Мэдлэг түгээх ажлын байр” төслийн хүрээнд идэвхтэй оролцож, бодит үр дүн гаргасан ажилтнуудад урамшуулал гардуулж, цаашид энэхүү төслийг тогтвортой хэрэгжүүлэх, мэдлэг туршлагыг байгууллагын хэмжээнд түгээх шаардлагатайг онцлов. Тус үйл ажиллагаа нь байгууллагын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, ажлын байрны мэдлэг, ур чадварыг системтэйгээр түгээхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

 TGS9220 TGS9311 TGS9236 TGS9249 TGS9228 TGS9245 TGS9267 TGS9275 TGS9287 TGS9290 TGS9277 TGS9309

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.