Ш.Алтантуяа агсны хэргийн нөхөн төлбөрийг бууруулж, Засгийн газрыг хариуцлагаас чөлөөллөө
Малайзын Давж заалдах шатны шүүхээс Ш.Алтантуяа агсны ар гэрийнхэнд олгох нөхөн төлбөрийн хэмжээг эрс бууруулж, тус улсын Засгийн газрыг хариуцлагаас бүрэн чөлөөлсөн шийдвэрийг өнөөдөр танилцууллаа. Энэхүү шийдвэр нь 2022 онд Шах Алам хотын Дээд шүүхээс гаргасан 5 сая ринггитийн нөхөн олговрыг хянаж, Иргэний хуулийн хүрээнд хууль зүйн үндэслэлийг дахин тодорхойлсон үйл явдал болж байна.
Шүүх бүрэлдэхүүн нөхөн төлбөрийн нийт дүнг өмнөх шийдвэрээс үлэмж хэмжээгээр багасгаж, 1.38-аас 1.4 сая ринггит буюу ойролцоогоор 300 гаруй мянган ам.доллар болгон өөрчилжээ. Үүний 1 сая ринггитийг гэмт хэргийн хэрцгий, зэрлэг шинж чанарыг харгалзан "онцгой хохирол" хэлбэрээр тооцсон байна. Харин үлдсэн хэсгийг талийгаачийн ар гэрийнхний хараат байдлын алдагдал буюу 16 жилийн хугацаанд сар бүр олгох 2,000 ринггит болон оршуулгын зардалд хуваарилсан байна.
Шүүх хурлын хамгийн маргаан дагуулсан бөгөөд гол шийдвэр нь Малайзын Засгийн газрыг иргэний хариуцлагаас чөлөөлсөн явдал байв. Шүүгчдийн дүгнэлтээр хэрэг үйлдсэн цагдаагийн тусгай албаны ажилтнууд болох Азила Хадри, Сирул Азхар Умар нар нь аллага үйлдэх үедээ албан үүргээ гүйцэтгээгүй, харин хувийн сэдэлтэй, зохион байгуулалттай ажиллагаа явуулсан гэж үзжээ. Иймд төр ажил олгогчийн хувьд хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлгүй хэмээн үзэж, Засгийн газрын гаргасан гомдлыг хангасан байна.
Ингэснээр нөхөн төлбөрийг зөвхөн гэмт хэрэгт шууд холбогдогчид болох цагдаагийн ажилтан асан Азила Хадри, Сирул Азхар Умар болон улс төрийн шинжээч Абдул Разак Багинда нар хамтран болон тус бүрдээ хариуцан төлөх үүрэг хүлээлээ. Давж заалдах шатны шүүхийн гурван шүүгчийн бүрэлдэхүүнийг ахалсан Ерөнхий шүүгч Датук Хашим Хамза өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн хувьд алдаатай байсан хэмээн тодотгосон байна.
Талийгаачийн ар гэрийнхэн 2007 оноос хойш буюу 19 жилийн турш нэхэмжилсэн энэхүү иргэний хэрэг ийнхүү эцэслэн шийдвэрлэгдэж байгаа ч үр дүн нь хохирогчийн талд хүндээр тусч байна. Нөхөн төлбөрийн хэмжээг эрс багасгаж, төлбөрийн чадвар бүхий гол хариуцагч болох төрийг хэргээс чөлөөлсөн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байгааг өмгөөлөгчдийн зүгээс онцолж, цаашид хууль зүйн ямар алхам хийх нь олон улсын анхаарлын төвд үлдлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.