Г.Батзориг: Нийслэлээс тохижилт, үйлчилгээний ААН-үүдийн тоног төхөөрөмжийг үе шаттай шинэчилж, ажилчдын цалинг нэмэгдүүлсэн
Нийслэлийн хэмжээнд хот, нийтийн аж ахуйн салбарт 46 ААН байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үүний 35 нь хувийн хэвшлийн, 11 нь орон нутгийн өмчит компани юм. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг Сонгинохайрхан дүүргийн “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГ болон тохижилт, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Охь мандал” ХХК-д ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Нийслэлээс тохижилт, үйлчилгээний газар, аж ахуйн нэгжүүдийн тоног төхөөрөмжийг шинэчилж, цалин хангамжийг нэмэгдүүлсэн. Өнөөдөр нөхцөл байдалтай танилцаж, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, техник, тоног төхөөрөмжийн хангамж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа” гэв.
Сонгинохайрхан дүүргийн “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын дарга О.Буянгэрэл “Бид техник, тоног төхөөрөмжийнхөө бэлэн байдлыг ханган ажиллаж байна. 2025 онд нийслэлээс шинэ тоног төхөөрөмжийг олноор нийлүүлж, давс, бодисын чанар, хүртээмжийг сайжруулсан. Сонгинохайрхан дүүрэгт 150 зам талбайн үйлчлэгч, харин жолооч, ачигч 117 хүний бүрэлдэхүүнтэй нийтийн эзэмшлийн 1.7 сая ам.метр талбайн тохижилт үйлчилгээг хариуцан ажиллаж байна” гэв.
Сонгинохайрхан дүүргийн “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын ерөнхий менежер Ш.Энхтайван “Сонгинохайрхан дүүрэг 23 хорооны 1870 гэрээт аж ахуйн нэгжийн хогийг тээвэрлэдэг. 1.7 сая ам.метр талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцдаг. Нийт зам талбайн 70 хувь нь гэр хорооллын дундах өгсүүр, уруу зам байдаг. Бүх ажилчдад хөдөлмөр аюулгүй байдлын сургалтад хамрагдаж, хог тээврийг хувиараас өмнө ачиж дадсан. Зам талбайн үйлчлэгчдийн цалин нэмэгдсэн учраас урам зоригтой ажлаа хийж, илүү хариуцлагатай болсон. Нийслэл, дүүргээс 2025 онд 42 машин, техникээр парк шинэчлэл хийсэн. Энэ нь зам талбайн ажилчдын ажлыг хөнгөвчилсөн. Хог тээврийн машинууд насжилт хэтэрсэн байсныг шинэчилсэн. 2025 онд хог тээврийн 18 машинаар парк шинэчлэл хийсэн. Энэ нь шатахуун, сэлбэгийн зардалд ч хэмнэлтэй байна” гэсэн юм.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.