Шинзо Абэгийн амийг хөнөөсөн Тэцуя Ямагамид бүх насаар нь хорих ял оноов
Японы Нара мужийн шүүхээс лхагва гарагт тус улсын Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Тэцуя Ямагамид бүх насаар нь хорих ял оноожээ.
Шүүх хурлыг даргалагч шүүгч Шиничи Танака прокурорын зүгээс тавьсан шаардлагыг бүрэн хангаж, уг хэргийг Японы дайны дараах түүхэнд гарсан хамгийн ноцтой гэмт хэргүүдийн нэг хэмээн тодорхойлсон байна.
Өдгөө 45 настай Тэцуя Ямагамигийн өмгөөлөгчид түүнийг "Шашны байгууллагын хохирогч" байсан гэж тайлбарлан, хүнд хэцүү хүүхэд нас, гэр бүлийн дампуурал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж 20 жилээс илүүгүй хорих ял оноох хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж авсангүй. Шүүгдэгч шүүх хурлын явцад талийгаачийн гэр бүлээс албан ёсоор уучлал гуйсан хэдий ч өөрийн үйлдлээр дамжуулан "Эв нэгдлийн сүм"-ийн асуудлыг нийгэмд ил болгох зорилготой байснаа дахин илэрхийлжээ.
Хэрэг явдлыг эргэн сануулбал, 2022 оны 7-р сарын 8-ны өдөр Нара хотод сонгуулийн сурталчилгааны үеэр үг хэлж байсан Шинзо Абэ руу Ямагами гар хийцийн буугаар хоёр удаа буудаж, амийг нь хөнөөсөн юм. Тэрээр ээж нь "Эв нэгдлийн сүм"-д их хэмжээний хандив өгснөөр гэр бүл нь сүйрсэн гэж үзэн, тус сүмтэй Ерөнхий сайд асанг холбоотой гэж итгэсэн тул өшөө авах сэдэлгээр ийм үйлдэл хийхэд хүрсэн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлж байв.
Энэхүү дуулиант хэрэг нь Японы нийгэм, улс төрд гүнзгий нөлөө үзүүлж, эрх баригч Либерал Ардчилсан намын улс төрчид болон шашны байгууллагын хоорондын далд харилцааг ил болгосон юм. Үүний үр дүнд сүмийн үйл ажиллагааг хянах, хохирогчдыг хамгаалах шинэ хууль эрх зүйн зохицуулалтууд батлагдаж, төрийн өндөр албан тушаалтнуудыг хамгаалах аюулгүй байдлын журамд томоохон шинэчлэл хийгдсэн билээ.
Японы шүүх тогтолцоонд ганц хүний аминд хүрсэн тохиолдолд цаазын ял оноох нь ховор байдаг тул бүх насаар нь хорих ял нь хуулийн хүрээнд хүлээгдэж байсан дээд хэмжээний шийтгэл болж байна. Энэхүү шийдвэр нь дөрвөн жилийн турш үргэлжилсэн мөрдөн байцаалт, шүүх хурлын эцсийн цэг болж, Японы орчин цагийн түүхэн дэх хамгийн дуулиантай улс төрийн аллагын хэргийг дэнсэллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.