Тусгай стратегийн түншлэлийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Тусгай стратегийн түншлэлийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзаж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Сайд Ж.Энхбаяр Монгол, Япон хоёр улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх нь Монгол Улсын Засгийн газрын нэн тэргүүний зорилт болохыг онцлов. Япон Улсын Засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжиж буй “Шинэ нисэх буудлын бүтээн байгуулалт” болон “Инженер, технологийн дээд боловсрол (1000 инженер)” төслүүд нь Монгол Улсын эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг дэмжих, уул уурхай, үйлдвэр үйлчилгээний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.

0O7A3494

Цаашид Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын хүчин чадлыг өргөтгөн нэмэгдүүлэх, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хоёр үе шаттай зээлийн төслийн дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэх шаардлага байгааг дурдав.

Монгол Улсын Засгийн газраас хувийн хэвшлийн салбарыг дэмжих, гадаадын шууд хөрөнгө оруулалт болон экспортыг нэмэгдүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлж байгааг онцлон, энэ хүрээнд Япон Улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.

Экспортын өсөлт саарч, импорт тогтмол өндөр түвшинд байгаагийн улмаас худалдааны алдагдал жил бүр дунджаар 101 сая ам.доллароор нэмэгдэж буй нь экспортын өрсөлдөх чадварыг сайжруулах, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байгааг сайд Ж.Энхбаяр тэмдэглэв. Иймд тус хэлэлцээрийн хэрэгжилтийг эргэн харж сайжруулах, экспортын чадавхыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай мэдээлэл, сургалтыг хүргэх чиглэлд нягт хамтран ажиллахыг хүсэв.

0O7A3522

Элчин сайд Игавахара Масарү Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв байгуулагдсанд талархал илэрхийлж, энэ нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхэд чухал алхам болохыг онцлов. Түүнчлэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг яаралтай баталж, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдыг хууль эрх зүйн хүрээнд хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй хэмээн байр сууриа илэрхийлж, тус хуулийн төслийн хэлэлцүүлэг, батлагдах явцад онцгой анхаарал хандуулж байгаагаа тэмдэглэлээ.

Тэрбээр цаашид улс төр, нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээг дэмжин хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж, Монголын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд нэвтрүүлэх, гааль, хорио цээр, Японы стандарт шаардлагад нийцсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарна гэв.

Аж үйлдвэрийн паркуудад японы мэргэжилтнүүдийг ажиллуулах, тоног төхөөрөмж нэвтрүүлэх Ж.Энхбаяр сайдын саналыг Элчин сайд талархан хүлээн авч байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.