УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал тойрогтоо ажиллаж байна
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал тойргийн сонгогчидтой хийх уулзалтаа өнөөдөр /2026.01.23/ Төв аймгийн Архуст сумаас эхлүүлжээ.
Орон нутгийн иргэд, төрийн албан хаагчидтай хийсэн уулзалтын үеэр УИХ-аас баталсан хууль тогтоомж, хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар танилцуулж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар төрөөс баримталж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл хийв.
Энэ үеэр сумын удирдлага, иргэдийн зүгээс 320 хүүхдийн сургуулийн өргөтгөлийн барилга, спорт заал болон 26 км авто замын асуудлыг тавьж, ирэх 2027 оны улсын төсөвт суулгаж өгөхийг хүссэн. Архуст сумын төвийг төвлөрсөн халаалтад холбох инженерийн дэд бүтцийн ажлууд хийгдэж, холболт хийхэд бэлэн болж байгаа бөгөөд орон нутгийн хөгжилд чухал бүтээн байгуулалт болж байна.
1300 гаруй хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцах явцад эмнэлгийн дарга их эмч С.Энхцэцэг хүний нөөцийн хомсдол, эм тариа, тоног төхөөрөмж, эрүүл мэндийн даатгалын асуудлуудыг уламжилсан юм.
Тойргийн иргэд сонгогчидтой хийх уулзалт Төв аймгийн Баяндэлгэр, Эрдэнэ суманд үргэлжилнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.