Шадар сайд Х.Ганхуяг Казахстан Улсад ажлын айлчлал хийж байна

Шадар сайд Х.Ганхуяг Казахстан Улсад ажлын айлчлал хийж байна
Монгол–Казахстан хоёр улсын чөлөөт бүс, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх хамтын ажиллагааг стратегийн шинэ шатанд гаргах уулзалт Астана хотноо боллоо.
 
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй ажлын айлчлалын хүрээнд Казахстан Улсын Аж үйлдвэр, барилгын сайд Ерсайын Нагаспаевтай албан уулзалт хийлээ.
 
Казахстан улсад өнөөдрийн байдлаар 17 эдийн засгийн тусгай бүс үйл ажиллагаа явуулж, эдгээрийн хүрээнд 532 аж үйлдвэрийн төсөл хэрэгжсэн бөгөөд нийт 11.9 их наяд тенге (ойролцоогоор 25.3 тэрбум ам.доллар)-ийн үйлдвэрлэл бий болж, улсын төсөвт 656.6 тэрбум тенге (ойролцоогоор 1.4 тэрбум ам.доллар)-ийн татвар төвлөрөөд байна.
Мөн цаашид 337 шинэ хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж буй нь эдийн засгийн тусгай бүсүүдийн тогтвортой байдал, эдийн засгийн бодит өгөөжийг тодорхой харуулж байгааг онцлов.
 
Уулзалтын үеэр хоёр улсын чөлөөт бүс, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх бодлого, тэдгээрийн хууль эрх зүйн орчин, институцийн зохион байгуулалт, удирдлага–операторын загвар, дэд бүтцийн төлөвлөлт, хөрөнгө оруулалт татах механизм, мөн төр–хувийн хэвшлийн түншлэлийн хэрэгжилтийн чиглэлээр 2019 оноос хойш хуримтлуулсан туршлагаа Казахстаны тал дэлгэрэнгүй танилцуулж, харилцан санал солилцов.
 
Казахстан Улс Монголын хөрөнгө оруулагчдад нээлттэй бодлого баримталж байгааг тэмдэглэж, Монголын хөрөнгө оруулагчдад Казахстаны ЭЗТБ болон түүнээс гадуурх бүс нутагт таатай, тогтвортой орчин бүрдүүлэх сонирхлоо илэрхийллээ.
Үүний зэрэгцээ талууд Монгол Улсад чөлөөт бүс, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх бодлогын шинэчлэлд Казахстан Улсын үр ашигтай институцийн загвар, удирдлагын тогтолцооны туршлагад тулгуурласан шийдлүүдийг цаашид нутагшуулах боломжийн талаар санал нэгдлээ.
 
Уулзалтын үеэр Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд Евро-Азийн эдийн засгийн хэлэлцээрийн хүрээнд олгогдсон боломжуудыг үр ашигтай ашиглах, мөн чөлөөт бүс, эдийн засгийн тусгай бүсийн хүрээнд хэрэгжих төслүүдэд гадаад худалдаанд тулгарч буй тарифын бус саад тотгорыг бууруулах нь чухал болохыг онцоллоо.
 
Энэ хүрээнд стандарт, итгэмжлэл, лабораторийн үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллаж, харилцан хүлээн зөвшөөрөх, тохирлын үнэлгээний уялдааг сайжруулах саналыг дэвшүүлэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.