Р.Сэддорж: Хоёр бөхт тэмээ минь дэлхийд гайхагдаж эхэлсэн нь тэмээнд хайртай хүн бүрийн олон жилийн хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүн билээ

Р.Сэддорж: Хоёр бөхт тэмээ минь дэлхийд гайхагдаж эхэлсэн нь тэмээнд хайртай хүн бүрийн олон жилийн хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүн билээ
"Тэмээн дээрээс наран ойрхон" өвлийн наадам болж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга, Монголын Тэмээн Соёл Уралдааны Холбооны Ерөнхийлөгч Р.Сэддорж мэндчилгээ дэвшүүллээ.
 
Тус мэндчилгээнд:
 
Монгол улсад төдийгүй Дэлхийд алдартай хоёр бөхт тэмээний нутаг, Говийн бүсийн Дундговь аймагт өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор "Тэмээн дээрээс наран ойрхон" өвлийн наадам болж байна. Дэлхий дээрх нийт тэмээний 90 хувийг ганц бөхт, 10-хан хувийг хоёр бөх тэмээ эзэлдэг бөгөөд хоёр бөхт тэмээний цөм нь Монгол улс юм.
 
Тэмээн сүргийг өсгөх, хамгаалах, уламжлалт тэмээн соёлыг дэлгэрүүлэх, тэмээчдийн хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах ажлыг төр болон төрийн бус байгууллагууд, тэмээчид хамтран зохион байгуулж, хичээж, зүтгэж ирсний үр дүнд өнөөдөр дэлхийд данстай аялал жуулчлалын томоохон эвент болж чадсан билээ.
УИХ-ын гишүүнээр Өмнөговь аймгаас гурвантаа сонгогдож байсан. Д.Бат-Эрдэнэ, 2004 онд "Тэмээ хамгаалах сан"-г байгуулж, Өмнөговь аймгийн тэмээчдийнхээ бойжуулсан ботго бүрт мөнгөн урамшуулал олгох ажлыг санаачлан хэрэгжүүлсэн нь малчдын дунд "Ботгоны мөнгө" хэмээн алдаршиж, тэмээний тоо толгойн өсөлтөнд бодитой хувь нэмрээ оруулсан юм.
 
2015 онд "Тэмээ хамгаалах сан" болон "Түмэн тэмээ-Тэмээн аялал жуулчлалын холбоо"-нууд нэгдэж, "Тэмээн соёл уралдааны холбоо"-г үүсгэн байгуулсан билээ.Манай холбоо байгуулагдсан цагаасаа эхлэн хоёр бөхт тэмээгээ дэлхийд сурталчлах ажлуудыг амжилттай хэрэгжүүлж байна.
 
  • 2015 онд Монгол улсын Засгийн газар "Ботго авахуулах зан үйл"-ийг ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн нь тэмээн соёлыг дэлхийд таниулах томоохон ажил боллоо.
  • 2016 онд Өмнөговь аймагт "Монгол тэмээ-999" арга хэмжээг амжилттай зохион байгуулж, 1132 тэмээг 15 километр зайд уралдуулан, 1108 тэмээг барианд оруулснаар дэлхийн дээд амжилт тогтоон, Гиннесийн номонд бүртгүүллээ.
Мөн дэлхийн хэмжээний хурал чуулганд идэвхтэй оролцсоноор Монгол Улс Азийн Тэмээн уралдааны холбоо болон Олон Улсын Тэмээн Уралдааны Холбоог үүсгэн байгуулагч орны нэг болсон.
Дэлхий дээрх нэг бөхт болон хоёр бөхт тэмээг хамгаалах холбоодын эгнээнд Монгол улсаа нэгтгэж чадсан нь манай холбооны хамт олны түүхэн бахархалт амжилт юм.
 
Өвөг дээдсийн минь мах, сүү, ноос, арьс ширийг нь амьдрал ахуйдаа хэрэглэж, уналга эдэлгээний зориулалтаар адгуулан өсгөдөг байсан хоёр бөхт тэмээ маань өнөөдөр спорт, аялал жуулчлалын салбарынхны анхаарлыг татан, дэлхийд гайхагдаж эхэлсэн нь тэмээнд хайртай хүн бүрийн олон жилийн хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүн билээ.
Их говийн эрдэнэ болсон тэмээн сүрэг маань түм бумаар өсөн үржиж, тэмээчин олон та бүхний минь алдар суу, сүлд хийморь мөнхөд бадрах болтугай.
 
Хүндэтгэсэн: УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга, Монголын Тэмээн Соёл Уралдааны Холбооны Ерөнхийлөгч Р.Сэддорж.
2026.01.24
Дундговь аймаг.
96f9ba3ad201458ab2eaca156b3044ee
41c4f3af0cd4420394d16dbdff53890b
a18a79ed36054750bff49ca66c5c11ad
6fb3f80a08574e18976bef93a73d8a8b
4078efaa063c4823b7e16653922ddc88
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.