“Дэмүүл” банхар Азийн аварга шалгаруулах тэмцээнд түүхэн амжилт үзүүллээ
Филиппин улсын Кезон хотын “Smart Araneta Coliseum”-д зохион байгуулагдсан Олон улсын нохой судлалын холбооны (FCI) Ази, Африк, Далайн орнуудын бүсийн аварга шалгаруулах тэмцээнд “Дэмүүл” нэртэй банхар түүхэн амжилт үзүүллээ. 2026 оны 1-р сарын 25-ны өдөр болсон уг тэмцээний үеэр үндэсний бахархал болсон энэхүү нохой өөрийн хэсэгтээ тэргүүлж, улмаар тэмцээний шилдэг гурван нохойн нэгээр шалгарчээ.
Ази тивийн хамгийн том, өрсөлдөөнтэй нохойн шоу гэгддэг “Philippine Circuit 2026” арга хэмжээний хүрээнд болсон энэхүү тэмцээнд 91 үүлдрийн 7400 гаруй нохой оролцсон байна. Дэлхийн нэр хүндтэй 16 шүүгч ажилласан тус тэмцээн нь олон улсын өндөр зэрэглэлийн шалгуураар явагдсан бөгөөд оролцогчдын чансаа маш өндөр байв. Ийм томоохон талбарт үндэсний уламжлалт үүлдрийн төлөөлөл амжилттай оролцсон нь нохой судлалын салбарт гарч буй томоохон дэвшил юм.
“Дэмүүл” нь FCI-д албан ёсоор бүртгүүлэх шатанд байгаа үүлдрүүдийн ангилал буюу 11-р группт өрсөлдөн “Group Champion” цолыг хүртсэн байна. Үүний дараа бусад бүх үүлдрийн хэсгийн аваргуудтай өрсөлдөж, олон улсын шүүгчдийн үнэлгээгээр “Best in Show 3rd Place” буюу шоуны шилдэг гуравт багтсан нь онцгой үйл явдал боллоо. Тэрээр, анч нохой зэрэг дэлхийд танигдсан олон үүлдрийн шилдгүүдийг ардаа орхисон нь уг үүлдрийн чанар, стандартыг олон улсад батлан харуулсан хэрэг юм.
Энэхүү амжилт нь 2024 онд Хорват улсад болсон Дэлхийн нохойн үзэсгэлэнгээс “Хангарьд” нэртэй банхар шагнал хүртсэний дараах дахин нэг томоохон ялалт болж байна. Үндэсний нохой судлалын холбоо болон судлаачдын олон жилийн хөдөлмөрийн үр дүнд уг үүлдрийг дэлхийн тавцанд таниулах, FCI-д бие даасан үүлдрээр албан ёсоор бүртгүүлэх үйл явцад энэ ялалт чухал түлхэц үзүүлэх нь дамжиггүй.
Бүс нутгийн хэмжээний томоохон тэмцээний “Best in Show” шалгаруулалтад дээгүүр байр эзэлсэн нь үндэсний өв соёлын нэг хэсэг болсон үнэнч анд нөхрийг дэлхий дахинаа сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулж байна. Цаашид олон улсын тавцанд гарах боломжийг улам бүр нээж өгсөн энэхүү үйл явдал нь нохой сонирхогчид болон үржүүлэгчдийн хувьд баярт мэдээ боллоо.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.