АНУ-д дэгдсэн хүчтэй цасан шуурганы улмаас 12 хүн амиа алдаж, сая гаруй өрх тоггүй боллоо
АНУ-ын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан "Ферн" хэмээх түүхэн хүчтэй цасан шуурганы улмаас байгалийн гамшигт үзэгдэл нүүрлэж, олон сая иргэний амьдралд ноцтой хохирол учруулаад байна.
Мексикийн хойд хэсгээс Канад хүртэл 3,200 километр үргэлжилсэн энэхүү шуурганы уршгаар одоогоор 12 хүн амиа алдаж, нэг сая гаруй хэрэглэгч цахилгаан эрчим хүчгүй болсон тухай албаныхан мэдээллээ. Цаг агаарын эрс тэс нөхцөл байдал нь дэд бүтэц, тээвэр, иргэдийн аюулгүй байдалд урьд өмнө байгаагүй хүндрэлүүдийг дагуулж байна.
Цаг агаарын гэнэтийн өөрчлөлт, хүйтний эрч чангарсантай холбоотойгоор хүний амь нас эрсдэх тохиолдол нэмэгдсээр байна. Тухайлбал, Нью-Йорк хотод их хэмжээний цас орж эхлэхээс өмнө гадаа байсан таван хүн осгож нас барсан бол Луизиана мужийн Каддо Сүм орчимд хоёр хүн ижил шалтгаанаар амиа алджээ. Түүнчлэн замын халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол аваар эрс нэмэгдэж, зөвхөн Теннесси мужид 160 гаруй зам тээврийн осол бүртгэгдсэнээс нэг хүн нас барж, 18 хүн гэмтэж бэртсэн байна.
Хүчтэй цас, мөсөн борооны улмаас модны мөчир хугарч, цахилгаан дамжуулах шугамуудыг гэмтээснээр эрчим хүчний тасалдал өргөн хүрээг хамарлаа. Теннесси, Миссисипи, Луизиана, Техас зэрэг өмнөд мужуудад нөхцөл байдал хамгийн хүнд байгаа бөгөөд нийт нэг сая гаруй өрх гэрэл цахилгаангүй болоод байна. Үүний зэрэгцээ агаарын тээврийн салбарт түүхэн дэх хамгийн их саатал гарч, амралтын өдрүүдээр 11,500 гаруй нислэг цуцлагдаж, Нью-Йорк хотын ЛаГуардиа нисэх буудал үйл ажиллагаагаа бүрэн зогсооход хүрчээ.
Байгалийн гамшигт үзэгдэлтэй холбогдуулан АНУ-ын 24 мужийн захирагч онц байдал зарлаж, гамшгийн эсрэг хариу арга хэмжээ авч эхэллээ. Филадельфи, Техас, Арканзас, Мичиган зэрэг мужуудад сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, зайнаас хичээллэх шийдвэр гаргасан байна. Зарим бүс нутагт агаарын температур цельсийн -45 хэм хүрч хүйтэрсэн бол Колорадо мужийн уулархаг бүсэд цасны зузаан 58 сантиметрт хүрч, түүхэн дээд хэмжээндээ дөхжээ.
Цаг уурчдын мэдээлж буйгаар энэхүү эрс тэс хүйтэн, цасан шуурга хоёрдугаар сарын эхэн үе хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Иймд эрх баригчид иргэдийг онц шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, дулаан хувцаслах, зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.