Ши Жиньпиний ойрын холбоотон, генерал Жан Юшяг авлигын хэргээр шалгаж эхэлжээ
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний цэрэг, улс төрийн хамгийн ойрын холбоотон гэгддэг Цэргийн төв зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга, генерал Жан Юшяг хууль зөрчсөн хэргээр албан ёсоор шалгаж эхэллээ. Хятадын Батлан хамгаалах яамнаас энэ сарын 24-ний өдөр баталгаажуулсан уг мэдээлэл нь тус улсын армийн дээд удирдлагын түвшинд өрнөж буй томоохон "цэвэрлэгээ"-ний үргэлжлэл болж байгаа бөгөөд дэлхийн улс төрийн хүрээнд онцгой анхаарал татаж байна.
Хэдийгээр албан ёсны мэдэгдэлд түүнийг "сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн" хэмээн тодорхойлсон ч барууны хэвлэлүүд, тухайлбал "Wall Street Journal" сонинд илүү ноцтой баримтуудыг дэлгэжээ. Түүнийг цөмийн зэвсгийн хөтөлбөртэй холбоотой маш нууц мэдээллийг АНУ-д дамжуулсан байж болзошгүй гэх сэжиг байгаагаас гадна Батлан хамгаалахын сайд зэрэг өндөр албан тушаалд хүн томилуулахын тулд их хэмжээний хахууль авсан, гэр бүлийнхээ хууль бус үйлдлийг нуун дарагдуулсан хэрэгт буруутгаж байгаа аж.
Энэхүү дуулиант хэрэгт зөвхөн Жан Юшя холбогдоод зогсохгүй, түүнтэй хамт Цэргийн төв зөвлөлийн гишүүн, Жанжин штабын дарга генерал Лю Жэнлиг мөн шалгаж байгаа нь нөхцөл байдлын цар хүрээг илтгэнэ. 75 настай генерал Жан Юшягийн хувьд өнгөрсөн оны 11 дүгээр сард ОХУ-ын Батлан хамгаалахын сайдтай уулзсанаас хойш олон нийтийн өмнө харагдаагүй бөгөөд саяхан болсон Намын дээд сургуулийн нээлтэд ирээгүй нь түүнийг баривчлагдсан гэх таамгийг улам баталгаажуулсан юм.
Жан Юшя нь Ши Жиньпиний бага насны найз төдийгүй тэдний эцгүүд хувьсгалын үеийн журмын нөхөд байсан тул түүнийг "халдашгүй" хүмүүсийн тоонд оруулдаг байв. Түүнчлэн тэрээр 1979 оны Вьетнамын дайнд оролцож байсан байлдааны бодит туршлагатай цөөхөн генералуудын нэг юм. Ийм өндөр зэрэглэлийн, итгэлт хүнээ шалгаж эхэлсэн нь Ши Жиньпин арми дахь хяналтаа дээд зэргээр чангатгаж, үнэнч байдлыг шалгуур болгон хэнийг ч өршөөхгүй гэдгээ харуулсан явдал боллоо.
Олон улсын шинжээчид энэхүү үйл явдлыг 1989 оны Тяньаньмэний хэрэг явдлаас хойш Хятадын цэргийн элит хэсэгт гарч буй хамгийн том өөрчлөлт гэж дүгнэж байна. Цэргийн төв зөвлөлийн бараг бүх дээд удирдлага солигдож байгаа нь Хятадын армийн дотоод тогтвортой байдал болон байлдах чадварт богино хугацаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй ч, урт хугацаандаа намын хяналтыг бүрэн тогтоох зорилготой алхам гэж үзэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.