Мансууруулах бодис оруулж ирж борлуулахыг завдсан эхнэр, нөхөрт ял шийтгэлээ

Мансууруулах бодис оруулж ирж борлуулахыг завдсан эхнэр, нөхөрт ял шийтгэлээ

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэргийг гэр бүлээрээ үйлдэх явдал цөөнгүй гарч байна. Хүү нь ээждээ хар тамхи илгээж заруулсан, төрсөн дүүгийнхээ нэр дээр явуулсан илгээмж дотроо ийм бодис багтааж борлуулсан гэх зэргээр тоочоод байвал цөөнгүй хэргийг жагсааж болно. Ийм нэг хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нэг гэр бүлийн эхнэр, нөхөр болох Э.Оюунбилэг, Б.Батмягмар нар өнгөрсөн оны есдүгээр сард Турк улсад ажиллаж амьдардаг А гэх хүнд мансууруулах бодис олж өгөхийг захижээ. Тэдний захиасыг биелүүлж, олон улсын шуудан илгээмж ашиглан их хэмжээний мансууруулах бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлснийг эхнэр, нөхөр хоёр 2025 оны есдүгээр сарын 17-нд Баянзүрх дүүргийн нутаг дахь шуудангийн салбараас хүлээж авсан байна. Нийслэлийн прокурорын газраас тэдэнд Эрүүгийн хуулийн 20.7-3.3 дахь хэсгийн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан гэмт хэргийг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Энэ зүйл заалтад заасан гэмт хэрэгт оноох эрүүгийн хариуцлага нь 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.

Гэвч шүүхээс Э.Оюунбилэгт гурван жил дөрвөн сар, Б.Батмягмарт нэг жил нэг сар хорих ял оноожээ. НҮБ-ын Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай 1971 оны конвенцод багтсан, 1000 орчим хүний нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхи борлуулах зорилгоор гадаад улс руу захиж хүлээн авсан тэдэнд оноосон эрүүгийн хариуцлага хэт багадсан ч юм шиг. Шүүх гэр бүлийн хоёрт ял шийтгэл оноохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэснээр ийнхүү хуульд зааснаас бага хариуцлага хүлээлгэсэн юм байна. Уг нь мансууруулах бодис хилээр нэвтрүүлж борлуулсан үйлдэл бол үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж үзэхэд ч болмоор. Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх заалтыг хэрэглэдэггүйг хуульчид хэлдэг юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.