Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил
Үндэсний аудитын газраас Эрчим хүчний сайдын хариуцдаг байгууллагуудын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, нийт санхүүгийн зөрчлийг 79.98 тэрбумд хүрсэн гэж дүгнэжээ.
Гэхдээ энэ зөрчил иргэдээс хураадаг цахилгааны төлбөр бага байгаатай холбоогүй гэдгийг тодотгох нь зүйтэй. Цэвэр зохион байгуулалт, төсвийн сахилга бат, салбарын уялдаа холбоог харуулсан зөрчлүүд байна. Үүнээс харахад, эрчим хүчний салбарын эдийн засгийн нөхцөл байдал ямар эмзэг, замбараагүй, дүрэм журамгүй явж байгааг харж болно.
ҮАГ: Эрчим хүчний яаманд дотоод хяналт хангалтгүй байна
Үндэсний аудитын газраас Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийжээ. 2025 оны байдлаар аудитын шалгалтаар нийт 79.98 тэрбум төгрөгийн 207 зөрчил илэрснээс 189.1 сая төгрөгийн төлбөрийн 45 акт тогтоож, 74.53 тэрбум төгрөгийн 87 албан шаардлага хүргүүлж, 5.2 тэрбум төгрөгийн 75 зөвлөмж өгчээ. Аудитаар илэрсэн 79.98 тэрбум төгрөгийн зөрчил нь материаллаг байдлын түвшнээс давсан тул аудитын байгууллагаас “хязгаарлалттай” дүгнэлт өгсөн байна. Санхүүгийн тайланг шалгах явцад зарим хэсэгт нь хангалттай нотолгоо авч чадаагүй, эсвэл тодорхой асуудал илэрсэн үед өгдөг дүгнэлт юм.

Эрдэнэ бүрэнгийн УЦС: Зарим ажлыг тендер зарлагдаагүй, шууд гэрээгээр гүйцэтгэсэн
Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцыг байгуулах ажил 1964 оноос эхлэлтэй. Тэгэхээр өдгөө 62 жилийн хугацаа өнгөрчээ.
Олон жил гацсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөлд хамгийн сүүлд буюу 2025 онд гаргасан аудитын дүгнэлтээр 1.3 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрчээ. Зөрчилд ажлын удирдамж болон албан томилолтоор ажилласан тухай тэмдэглэлд ирсэн, явсан огноо зөрүүтэй хуудсаар зардлыг олгож, анхан шатны баримтын бүрдэл хангаагүй зөрчлийг давтан гаргасан байна. Өмнөх оны аудитаар өгсөн зөвлөмжийн мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Төрийн аудитын байгууллагад хуулийн хугацаанд ирүүлээгүй байна.
Эгийн голын УЦС-д 16.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Төрийн аудитын байгууллагын 2025 онд гаргасан тайланд Эгийн голын УЦС-ын төслөөс 16.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн гэдгийг тодотгожээ. Зөрчилд Эгийн голын усан цахилгаан станцыг барьж байгуулахаас өмнөх шинжилгээ судалгааны ажлын өртгийг үндсэн хөрөнгийн дуусаагүй барилга дансанд хуримтлуулж бүртгэсэн байна гэдгийг дурджээ.
Эгийн голын усан цахилгаан станцыг УИХ-аас баталсан “Монгол-Хятадын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх” хэлцэл хийгдэж, 2007 онд тендер зарлан Хятадын компаниуд шалгарсан байдаг. Гэвч Засгийн газар солигдсоноор төсөл зогссон гэдэг.
Эрчим хүч-2: Шилэн дансны тухай хууль зөрчсөн
Дэлхийн банкнаас санхүүжилттэй “Эрчим хүч 2” төсөл 2017 оноос эхлэн хэрэгжиж байна. Төслийн хүрээнд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн цахилгаан түгээх болон хангах үйл ажиллагаа явуулдаг Багануур хот, Хэнтий, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн төв, Бор-Өндөр болон Замын-Үүд сумын цахилгаан түгээх сүлжээний өргөтгөл шинэчлэл, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн цахилгаан түгээх болон хангах үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэт хот, Булган, Архангай, Өвөрхангай аймгийн төв, Хархорин сумын цахилгаан түгээх сүлжээний өргөтгөл шинэчлэл, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Багануур болон Хангайн салбарт хуваарилах байгууламжийн өргөтгөлийн ажлыг хийх юм. Мөн “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК ХК-д 10мВт-ын нарны цахилгаан станц барих юм. Үндэсний аудитын байгууллагын 2025 оны дүгнэлтээр Шилэн дансны тухай хууль зөрчсөн 28.34 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ.
"Тавантолгой дулааны цахилгаан станц" ТӨХК 64.24 тэрбумын зөрчилтэй
Монгол Улсын Засгийн газар Тавантолгой дулааны цахилгаан станцыг барина гэснээс хойш 10 гаруй жил өнгөрчээ.
Энэ төсөл хугацаандаа ашиглалтад орсон бол 300 мВт эрчим хүч үйлдвэрлэх байлаа. Үндэсний аудитын байгууллагын дүгнэлтэд "Тавантолгой дулааны цахилгаан станц" ТӨХК-д 64.24 тэрбум төгрөгийн гурван зөрчил илрүүлж, зөвлөмж хүргүүлжээ.
"Хөрсний дулааны насосын систем"-ийн барилга байгууламжийн ажлын гүйцэтгэл хангалтгүй байна
Баруун бүсийн алслагдсан сум, орон нутгийн хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн хүртээмж, чанарыг дээшлүүлэхээр уг төслийг хэрэгжүүлж байна. Төсөлд хийсэн аудитын шалгалтаар 1.2 тэрбумын зөрчил илэрчээ.
Одоогоор уг төслийг хүрээнд Говь-Алтай аймгийн Алтай сумын хосолсон систем, Завхан аймгийн Улиастай сумын 5МВт-ын нарны цахилгаан станц, 3.6МВт*ц багтаамжтай цэнэг хуримтлуурын станц, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 10 МВт нарны цахилгаан станц, Завхан аймгийн Тэлмэн сумын дэд станцад 10 MVar хуурмаг чадал компенсацлах төхөөрөмжийг суурилуулах, Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн барилгын дулаан хангамжид 135 кВт хүчин чадал бүхий хөрсний дулааны насосын систем суурилуулах, Завхан аймгийн Улиастай сумын 2-р сургуулийн барилгын дулаан хангамжид 110 кВт-ын хөрсний дулааны насосын систем суурилуулах ажлыг хийжээ. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10МВт нарны цахилгаан станц барина.
Дүгнэлт
Монгол Улс эрчим хүчний хомстолд орчихсон, “шинэ станц барина” гэж ярьсаар олон жилийг үдлээ. Яриа бол хангалттай. Харин бодит байдал дээр нэг ч томоохон эх үүсвэр баригдсангүй. Энэ бол мөнгө хөрөнгөгүйдээ, технологигүйдээ биш гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлдэг. Мөн импортын хараат байдлаас ашиг хүртэгчид чөдөр тушаа болж байгаа нь нууц биш. Монгол Улс жил бүр гадаадаас цахилгаан импортолдог. Энэ хараат байдлаас зуучлагчид, импортын гэрээ тойрсон бүлэглэл, хуучин станцын засвар, нүүрсний нийлүүлэлтэд “наалдсан” сүлжээ ашиг хүртдэг. Шинэ том станц баригдвал тэдний ашиг нэг мөсөн тасарна. Тиймээс тэд ил гарч эсэргүүцэхгүй ч дотроос нь гацааж ирсэн гэдэгтэй хэн бүхэн санал нийлнэ.
Эрчим хүчний яамны тайлбар
Үндэсний аудитын газраас Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит 79.98 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлсэн асуудлаар тус яамнаас тайлбар ирүүллээ. Тус тайлбарт “Эрчим хүчний сайдын 2024 оны нэгтгэсэн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын мөрөөр 25 төрийн өмчит компани, хоёр төрийн өмчит үйлдвэрийн газар, нэг төсөл хэрэгжүүлэх нэгж, Төсвийн ерөнхийлөн захирагч болон яамны санхүүгийн тайлан зэрэг нийт 33 байгууллагын 2024 оны санхүүгийн үр дүн нэгтгэгдэж, 79,989.5 сая буюу 79.9 тэрбум төгрөгийн 206 алдаанд 75 зөвлөмж, 44 төлбөрийн акт, 87 албан шаардлага ирүүлсэн. Салбарын хэмжээнд санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн зөвлөмж, акт, албан шаардлагын хэрэгжилтэд хяналт тавьж ажилласнаар зөвлөмжийн биелэлт 88 хувь, актын биелэлт 99.5 хувь, албан шаардлага 91 хувь хангасан байх бөгөөд аудитын шийдвэрийн хэрэгжилтийн дундаж 92.8 хувьтай байна гэжээ.
Төмөрбаатарын БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 28. ЛХАГВА ГАРАГ. № 18 (7760)
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.